"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" зөвлөгөөн 2017оны 5-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдав. Зөвлөгөөнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж үг хэлсэн бөгөөд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат "Хэнтий аймгийн Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд", Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одгэрэл "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Прокурорын байгууллагын оролцоо цаашид анхаарах асуудлууд", Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга "Хэнтий аймагт зонхилон гарч байгаа эрүүгийн хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам", Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулах арга хэмжээ", Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн С.Ган-эрдэнэ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаарх асуудлууд", Аймгийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү "Монгол улсын Хүн худалдах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд", Хэрлэнгийн Цэнхэр алс ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар "Архидалтгүй-Хэнтий дэд хөтөлбөрийн хүрээнд ТББ-ын оролцоо", Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол улсад ГХУСАЗСЗ-ийн ахлах мэргэжилтэн Д.Жанчивдорж "МУ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт,үйл ажиллагааны үндсэн чиглэл,улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн бодлого, зорилт цаашид анхаарах асуудал", "Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн цаашид анхаарах асуудал", Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Шинэ-од "Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, ТББ-ын оролцоо цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ", Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.
Уг зөвлөгөөнийг Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ болон Цагдаагийн газар хамтран
зохион байгуулсан юм.
Энэхүү зөвлөгөөнд ГХУСАЗСЗ-ийн дарга, Сумдын засаг дарга нар болон хэсгийн
төлөөлөгч, хэсгийн байцаагч нар хамрагдсан бөгөөд тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам
болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс ирж оролцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, илүү зохион байгуулалт, үр дүнтэй ажиллах боломж олгох зорилгоор аймгийн Цагдаагийн газарт сүүлийн үеийн нисдэг дроныг дагалдах хэрэгслийн хамт гардуулан өглөө. Мөн иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилах,гэмт хэрэг зөрчлийн явц байдлыг мэдээлэх зорилгоор нэвтрүүрэг бэлдэх боломжтой "OSMO" маркийн хэрэгсэл, iphone6 plus утас зэргийг хүлээлгэн өгөв.Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласанаар Цагдаагийн байгууллага нь агаарын эргүүл шалгалт хийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, баримтжуулах ажлыг зохион байгуулах давуу тал бүрдэж байгаа юм.
Мөн зөвлөгөөнөөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Галшар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Энхбаатар, Баян-Овоо сумын засаг дарга Д.Баянмөнх нарт "Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2017 оны зорилго, зорилтыг биелүүлэхэд идэвхи санаачлага гаргаж ажилласанд нь талархан баярын бичиг мөнгөн шагнал, аймгийн Цагдаагийн газраас Дадал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнх-Од, Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Анхбат нарыг шагналаа.