АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ӨНӨӨДӨР 63,7
ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ЭХЭЛЖ 5 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ...
1-р асуудал буюу Хорооны бүрэлдэхүүн батлах тухай. Үүнд Аймгийн баяр наадмын хорооны
бүрэлдэхүүнийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.
Хорооны даргаар Аймгийн
Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Орлогч даргаар Хэрлэн сумын Засаг дарга
бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Нарийн бичгийн даргаар Аймгийн ИТХ-ын
нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ болон 12 гишүүдтэйгээр батлав.
2-р асуудал буюу Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай асуудлыг түр
хугацаагаар хойшлуулав.
3-р асуудал буюу Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай. Сибирийн хүр
хорхой ихсэж байгаатай холбогдуулан устгах ажил хийх шаардлагатай байгаа бөгөөд
2017 оны Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар хийгдэх ажлын төлөвлөгөөний 2
дахь заалт болох “Мөрөн сумын ойжуулалтын үлдэгдэл санхүүжилт олгох” гэснийг
“387 га талбайд ойн хортон шавьжтай тэмцэх” ажил гэж өөрчлөх асуудлыг
Тэргүүлэгчид дэмжлээ.
4-р асуудал буюу Олон нийтийн Цагдаагийн ажилтны орон тоог батлах тухай.
Цагдаагийн албаны тухай хуулийн 63-р зүйлд зааснаар 28 олон нийтийн цагдаа
ажиллуулахаар судлагдсан бөгөөд өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар түр хойшлуулах
санал гаргав. Учир нь сумдад төсвийн асуудал тулгамдаад байгаа тул орон тоо
батлахад учир дутагдалтай байгаа бөгөөд бусад аймгаас төсөв хөрөнгийн асуудлыг
хэрхэн шийдэж байгааг судалж дараагийн хурлаар оруулахыг Хууль эрхзүйн хэлтсийн
дарга Л.Бат-Октябрьт үүрэг болголоо.
5-р асуудал буюу Эд хөрөнгө шилжүүлэх тухай.
Баян-Овоо сумын Ахмадын
хорооны 92м2 талбай бүхий чулуун барилга нь 1965 онд хуучин “Алтан тал”
нэгдлийн хөрөнгөөр баригдаж хүүхдийн ясль, цэцэрлэг зэрэг байгууллагууд үйл
ажиллагаа явуулж байгаад 1985 оноос эхлэн ашиглаагүй байсныг 2009 онд
Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөлөөс 10,0 сая төгрөгөөр засвар хийж 2011 онд
сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор Ахмадын Хорооны эзэмшилд
шилжүүлэн ажиллуулж байна.Харин ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй уг барилгыг
холбогдох хууль, тогтоомжийн дагуу Ахмадын хорооны өмчлөлд шилжүүлэх асуудлыг
хэлэлцсэнээр Тэргүүлэгчид дэмжив.