.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
өнөөдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хуралдааны эхэнд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх
талаар хэлэлцэж, 25 ажил бүхий төлөвлөгөөг батлав.
Мөн Улс төрийн Хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн
дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх 80 дахь
жилийг тэмдэглэн өнгөрүүлэхажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Энэ зун, намрын өдрүүдэд Монгол улсын үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар Улсын Их
Хурал, Засгийн газраас чиглэл ирсэн бөгөөд хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын
хэсгийг Хурал, захиргаа, иргэний нийгмийн болонхувийн хэвшил, Үндсэн хууль
тогтоогчдоос бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан юм. Ажлын хэсгийн
ахлагчаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга
С.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа,
удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга нар ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 31-ний өдөр Улсын
Их Хурал, Засгийн газраас тухайлан бэлтгэгдсэн сургагч багш нар сум бүрээс 15
хүн, аймгийн төвийн сумын багуудаас 10 хүн хамрагдах 350 хүнд сургалт хийнэ.
Сургалтаас бэлтгэгдсэн 350 хүн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл аймаг,
сум баг, байгууллагаын хэмжээнд үргэлжлэх хэлэлцүүлгийг зохион байгуулах үүрэг
хүлээх юм.
Хуралдаан “Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх” асуудлаар үргэлжилсэн
бөгөөд “Хэнтий-Ус” ХХК-ний хог тээврийн зориулалттай 5
автомашиныг “Өндөрхаан хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт
шилжүүлэхээр, Баянмөнх сумын ЗДТГ-ын Ланд-105 маркийн автомашин, Цахилгаан
түгээх сүлжээ салбарт хадгалагдаж байгаа 3 ширхэг Дизель генераторыг дуудлага
худалдаанд оруулахаар шийдвэрлэв.
Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг
тохиолдуулан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал бий болгох тухай асуудлыг
Тэргүүлэгчид хэлэлцэн шагналын журмыг батлав. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр хуралдааны 5 дугаар
тогтоолоор “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны үйл ажиллагааны
үндсэн зорилт”-ыг баталсан бөгөөд энэхүү зорилтын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт
“Улс, аймаг орон нутгийн нэр
алдрыг өндөрт өргөсөн, иргэн байгууллага, иргэд, байгууллагын оролцоо
санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих, орон нутаг, өөрийн уугуул нутагтаа
оюуны спортыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэсэн, гавьяа
байгуулсан идэвхтэй иргэн, сум, аймгийн Хурлын төлөөлөгч, аж ахуйн нэгж
байгууллага, төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, баялаг бүтээгчдийн
бүтээл, санаачлагыг урамшуулах, алдаршуулах зорилгоор Аймгийн Хурлын нэрэмжит
шагнал бий болгож, шагнал, урамшууллын журмыг шинэчлэн боловсруулж, мөрдөнө.” гэсний дагуу шийдвэрээ гаргасан юм.
Тогтоолоор “Хэнтий аймгийн Хүндэт иргэн” цол, гэрэгэ, “Хэнтийн бахархал”
медаль, “Сүлд”, “Хурлын Тэргүүний Төлөөлөгч” тэмдэг зэрэг шагналтай байхаар
тогтов.