Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Л.Батсайхан: БИДНИЙ 25 ЖИЛИЙН ТҮҮХ БОЛ ХУРЛЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭН ХОЁРЫН ХАМТЫН БҮТЭЭЛ

2017-12-06

- Юуны өмнөойн баярын мэндийг та бүхэнд уламжлая.

-Баярлалаа. Энэ жилийн хувьд Монгол улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Үүнийг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлж байна. Юуны өмнө энэ түүхэн 25 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ИТХ-ын дарга нар, аймаг сумын Засаг дарга нар, үе үеийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, хамтран ажилладаг төрийн байгууллагуудынхаа хамт олон, иргэддээ ойн баярын мэндийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах ёс гэсэн нэр томьёогшинээр оруулж ирсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог хуульчилж өгсөн гэсэн үг. Үүний дагуу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаад энэ хуулинд удирдлагын зарчим ямар байх ёстой вэ? гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн асуудлыг бие дааж шийдвэрлэх тухай асуудал юм. Тэгэхээр энэ хууль батлагдсанаас хойш хуучин байсан Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа гэсэн нэг нэр томъёог хоёр хэсэг хуваасан гэсэн үг л дээ. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг нэг талд нь гаргаад орон нутагтаа бодлогын шийдвэр гаргадаг, нөгөөх нь гүйцэтгэх засаглал буюу хэрэгжүүлдэг байгууллагууд болж, хамтын ажиллагааг нэг түвшинд хүргэж өгсөн. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 7 удаагийн сонгууль болж, аймгийн иргэдийн Хурлын даргаар 8 хүн сонгосон байдаг. Миний хувьд 8 дахь Хурлын дарга. 1992-1996 онд хоёр удаа дарга солигдож байсан түүхтэй. Хөгжлийн түүхийг нь авч үзвэл, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга анх 1992-1996 онд орон тооны бусаар ажиллаж байсан. Харин 1996 оноос орон тоогоор ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 196 хүн, давхардсан тоогоор 273 хүн сонгогдсон байдаг.

 

-       Энэ түүхэн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн ИТХ-аас ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Энэ оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар ой тэмдэглэх тухай шийдвэр гаргаж, ойг зохион байгуулах ажлын хэсэг томилж төлөвлөгөө баталсан. Үүний дагуу нэлээд ажил зохион байгуулж байна. Орон нутагтаа сумдын Иргэдийн хурлын байгууллагууд мөн ой тэмдэглэх ажлыг зохион байгуулж байна. Бид эхний ээлжинд Хурлын байгууллагаа сурталчлах ажлыг хийлээ. Хурлын байгууллагын түүхийн ном гаргалаа. Энэ 25 жилийн хугацаанд Хэнтий аймгийн хурлын байгууллагын түүх гэсэн ном өмнө нь байгаагүй. Хоёр дахь нь аймгийн ИТХ-ын шагнал гэж байсангүй. Үүнийг бид анх удаагаа гаргаж Сүлд, Тэргүүний төлөөлөгч гэсэн шагналуудтай боллоо. Түүнчлэн ойн хүрээнд бусад аймгуудаасаа туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Архангай, Хөвсгөл аймагт очижтуршлага судалсны зэрэгцээ Дорнод аймагт Зүүн бүсийн ИТХ, ажлын албаныхны зөвлөгөөн, спортын арга хэмжээ болсон. Үүнд бид тэргүүн байр эзэллээ. Мөн аймгийнхаа Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн дунд спортын арга хэмжээ зохион байгууллаа. Бид 25 жилийн ойг тохиолдуулж, “Нутгийн өөрөө удирдах байгууллага-Иргэдийн төлөөлөгчдийн Хурал” гэсэн сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэсэн, баярын арга хэмжээний үеэр шагналыг нь гардуулна.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг зорилгыг сурталчилж, “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа. Эхний шатанд бид орон нутгаар явж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинээр батлагдсан хуулиудыг сурталчилсан бол хоёрдахь шатны тэмцээнд аваргын төлөө Иргэдийн хурлын байгууллага гэсэн талаас нь тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Мөн ойн хүрээнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Нутгийн удирдлага, Төрийн захиргааны ахмад зүтгэлтэн Д.Дашдорж даргын амьдрал, ажил бүтээлийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

-Аймгийн ИТХ-аас олон зорилтуудыг дэвшүүлсэн. Үүн дотор “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” зорилт зөв зүйтэй санагддаг. Эдгээр хөтөлбөр зорилтын биелэлт ямар байна вэ?

-Өнгөрсөн 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын байгууллагын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилтыг баталсан. Үүн дотор аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг сайжруулах, 2-рт Иргэдийн болон ТББ-уудын хамтын оролцоог хангах, 3-рт Хэрэглэгчийн эрх ашиг буюу хяналт шалгалтын чиглэлээр ажиллах, 4-рт Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгож Хэнтийгээ дэмжих, 5-рт Гадаад харилцааг хөгжүүлэх ийм зорилтууд дэвшүүлсэн. Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох зорилтын хүрээнд ялангуяа оюуны чиглэлийн үйл ажиллагаа, оюуны  спортыг хөгжүүлэхэд нэлээд дэмжлэг үзүүлсэн. Үүний дагуу аймгийн ИТХ-ын тогтоол гаргаад оюуны спорт- шатар даамыг хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн. Өнгөрсөн 10-р сард 1000 шатарчны баярыг аймгийн хэмжээнд хийлээ. Зохиолч уншигчдын уулзалт зохион байгууллаа. Аймгийн хуралдэргэдээ номын сантай болсон. Хэнтийн мэдээ сонинтой хамтраад “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шинэ шийдэл” аяныг аймгийн 18 сум, 88 баг дээрээ зохион байгуулсан. Эндээс гарсан иргэдийнхээ саналыг эрэмбэлээд бүх сумандаа хүргүүлж, шийдэх чиглэл өгсөн байгаа. Үүний биелэлтийг эргэж тооцно. Иргэдийн оролцоог хангах чиглэлээр хэлэлцүүлэг явуулж байна. Ялангуяа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгох журмыг аймгийн Хурлаас батлах ёстой. Үүнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа зарим аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллагуудын саналыг авсан байгаа. Мөн иргэдийнхээ саналын дагуу ажлын цагт тодорхой хэмжээний зохицуулалт хийлээ. Энэ мэтчилэн олон ажлыг дурдаж болохоор байна. Дэвшүүлэн тавьсан зорилтуудын биелэлтийг дараа нь дүгнэж, иргэддээ тайлагнах болно.

 

- Хурлын төлөөлөгчдийн ажиллах нөхцлийг сайжруулах талаар ямар ажлууд хийгдэв? Тэднийг чадавхжуулах чиглэлд яаж анхаарч ажиллаж байна вэ?

- Төлөөлөгчдийн ажиллах нөхцөлд нэгдүгээрт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тухайн Хуралд өөрсдийнх нь оролцоог хангахёстой. Энэ ч утгаараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад, сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийг “Төлөөлөгчийн нэг өдөр” болгосон. Үүний хэрэгжилт аймгийн хэмжээнд харьцангуй өөр өөр байна. Зарим санаачлагатай төлөөлөгч нь ажлаа сайн хийгээд явж байна. Хоёрдугаарт, төлөөлөгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд бид тойрогт ажиллах зардлыг нь аймгийн Хурлаар нэмэгдүүлж баталж өгсөн. Энэ нь тойргийн иргэдийн асуудлыг шийдэх, тойрогт тулгамдаж байгаа зарим хөрөнгө оруулалт, шагналын асуудлыг шийдэх зэрэгт тус дөхөм болдог байх. Гуравдугаарт, бид төлөөлөгчдийнхөө чадавхийг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Монгол Улсын хэмжээнд үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд бид аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нарыг сургалтад хамрууллаа.  Мөн багийн ИНХ-ын дарга нарыг хоёр удаа сургалтад хамруулсан. Ажлын албаны ажилтнууд, тэргүүлэгчдээ хамруулсан. Ийнхүү давхардсан тоогоор 5-6 удаагийн сургалтууд зохион байгуулсан. Энэ нь тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өгч байна. Ялангуяа сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавх сайжирч байгаа нь ажиглагдсан. Сумдын Хурлын төлөөлөгчдийн бодож сэтгэх, Хуралд асуудлаа тавьж байгаа талд ихээхэн өөрчлөлт гарч байна.

 

- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн даргаар та ажилладаг. Энэ зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас дурдаж яриач?

- Бид ГХУСАЗСЗ-ийг 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулсан. Энэ хугацаанд 4 удаа хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө баталсан. Өнгөрсөн жилийн хувьд бүсчилсэн зөвлөгөөн 2 удаа зохион байгуулсан. Өнгөрсөн оны 11, 12-р сард “Малын хулгайтай тэмцэх” чиглэлээр 5 суманд бүсчилсэн зөвлөгөөнийг бүх сумын хурлын дарга, засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарыг оролцуулан зохион байгуулсан. Өнгөрсөн 5-р сарын 5-ны өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоо” сэдвээр Хууль зүй Дотоот хэргийн Яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-тай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд бид Цагдаагийн газартаа 6 сая төгрөгийн үнэ бүхий дронн авч өгсөн. Малын хулгайтай тэмцэх ажилд одоо ч анхаарлаа хандуулж байна. Малын им тэмдгийг хамгийн сайн хэрэглэж, малаа бүртгэлжүүлж, фото зурагжуулсан хүний ажлыг туршлага болгож, үнэлж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Хууль сурталчлах хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд замын хөдөлгөөний цагаан толгой гэсэн сэдвээр тэмцээн уралдаан зохиолоо. “Хүүхэд-хууль” тэмцээнийг хоёрдахь удаагаа зохион байгуулсан. “Ногоон гэрэл- цагаан шугам” тэмцээнээ мөн зохион байгууллаа.

-Хэнтий аймагт ГХУСАЗСЗ ажилласнаар гарсан бодит үр дүн юу байна вэ?

-Өнгөрсөн жил зөвлөгөөн зохион байгуулсантай холбоотой, дээр нь бид малын гарал үүслийн бичиг олгох журмыг гаргаж баталсан. Энэ нь малын хулгайтай тэмцэхэд маш ач холбогдолтой болж, бусад аймгийн хэмжээнд байхгүй туршлага болсон. Малын хулгай тодорхой хэмжээнд буурч байна. Хэнтий аймгийн хэмжээнд одоогийн байдлаар өмчийн хулгай их байгаа. Иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн өсөх хандлагатай байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч Улаанбаатар орох замын дагуу 4 самбар байршуулаад байна. Мөн “Босоо цагдаа” гэдэг гэрэлтүүлэг, цацруулагчтай гэрлүүд худалдаж авч тавилаа.  Аймгийн төвийн замын тэмдэг, тэмдэглэгээг 28,5 сая төгрөгөөр шинэчилсэн. Цэнхэрмандал суманд 85 сая төгрөгөөр замын хөдөлгөөний хяналтын пост байгууллаа. Гэмт хэрэг харьцангуй өнгөрсөн жилээс буурсан дүнтэй байна.

-Тус зөвлөлийн төсвийн талаар мэдээлэл өгнө үү?

- Өнгөрсөн жил 60 сая төгрөгийн төсөвтэй байсан. Энэ жил мөн тийм хэмжээний төсөв батлагдсан. Бид аль болохоор үр өгөөжтэй хэлбэрээр хүмүүст хүргэж, ялангуяа хууль сурталчлах, орон нутгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах хүрээнд аймгийн цагдаагийн газар, сумын цагдаад тоног төхөөрөмж авч өгсөн, 2 газарт кабоны асуудлыг шийдсэн байгаа. Тухайлбал, Баян-Овоо сумын кабоныг засварлаж, Дадал суманд шинээр кабон барьж дуусч байна. Согтуурлыг хэмжих багаж,  станц, бэлэн бус торгуулийн машин гэх мэт тоног төхөөрөмжийг үе шаттай авч өгч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөвт нийтийн эргүүлд гарч байгаа иргэдийг урамшуулах, цагдаагийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангах зардлууд багтдаг.

 

-Иргэдийн төлөөлөгчдийн Хуралдаа иргэд нь хэр их санал санаачлага тавьж өрнүүлдэг вэ? Иргэдтэйгээ ямар эргэх холбоотой ажиллаж байна вэ?

-Бид аль болохоор төлөөлөгчдөөрөө дамжуулан харилцдаг. Гэхдээ шууд хандсан тохиолдол зөндөө байна. Манайд иргэдээс хорь гаран өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс бид нэг асуудлыг шийдээгүй, бусдыг нь шийдсэн байгаа. Тухайн асуудлын хугацаа нь арай болоогүй байна. Иргэдийн гаргаж байгаа хүсэлтүүд ихэнхдээ дэмжлэг үзүүлээч, энэ асуудал дээр анхаарч ажиллаач гэсэн зүйлүүд голдуу байдаг. Саяхан Хэрлэн сумын зорилтот бүлгийн 144 өрхийг сонгож, нэг жилийн хугацаанд тэдний амьдралыг тодорхой хэмжээнд дээшлүүлье гээд аймаг сумын Иргэдийн төлөөлөгч нартаа хуваарилж өгсөн. Тухайлбал, надад 5 өрх хуваарилж өгсөн байх жишээтэй. Нэг жилийн хугацаанд иргэдийн өөрсдийнх нь оролцоог хангаж амьдралыг нь дээшлүүлэх юм. Миний хувьд хариуцсан өрхүүддээ саяхан нэг нэг шоометр түлээ олгосон. Дараа жил дааж авах өрхүүд нь өөрчлөгдөөд явах юм билээ. Ингэж өөрөө бусад төлөөлөгчиддөө уриалж үлгэр үзүүлж байна. Энэ нь иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах нэг хэлбэр юм даа.  Бүх сумын ИТХ-ууд иргэдээсээ санал асуулга авах хайрцаг аялуулж байна. Хараахан нэгдсэн тоо баримт тайлан нь гараагүй байгаа.

 

-2016-2020 оны хооронд ажиллахаар сонгогдоод байгаа төлөөлөгчдийн онцлогийг та юу гэж хэлэх вэ? Амжилттай ажиллаж байгаа зарим төлөөлөгчдөө алдаршуулбал?

-Энэ удаагийн төлөөлөгчид маань тодорхой хэмжээнд урьд нь сонгогдож байсан орон нутгийнхаа ерөнхий дүр төрхийг ойлгож мэддэг хүмүүс байгаа. Шинээр сонгогдсон хүмүүс ч бий. Гэхдээ төлөөлөгчид маань орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаанаа зориулъя гэсэн сэтгэлтэй хүмүүс ажиллаж байна. Ажил үйлсээрээ сайн байгаа төлөөлөгчид олон байна. Ялангуяа аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх үр бүтээлтэй ажиллаж байна.Нутгийн удирдлагын холбооноос түүнийг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулж шагнасан. Төлөөлөгч Г.Хэрлэнчулуун тойргийн төлөөлөгчдийнхөө хамт сонгогдсон баг дээрээ сайн ажиллаж байна. Манай тойргийн төлөөлөгчид мөн тойрогт хийх ажлаа багцлаад түүний дагуу аймгийн ИТХ-д саналаа оруулж 2-р багийн төв, Авто вокзал барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Мөн багийн нутаг дэвсгэрт цахилгааны эх үүсвэрийг нэмэх зэрэг асуудлуудыг шийдэж өгсөн байгаа. Төлөөлөгч Д.Амгаланбаатар төсөл бичиж шалгараад орон нутгийн Хурлын байгууллагын ажилд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг болсон хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Энэ ажлыг баг тойрог бүрт хэрэгжүүлбэл зохих, иргэд нь төлөөлөгчөө хүрээлсэн ажил болох юм.

 

-Сумдын ИТХ-уудаас үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж байгаа жишээ та дурдаач?

- Сайн ажиллаж байгаа хурлууд олон бий. Жишээ нь, Дадал, Баян-Овоо, Батширээт сумын Хурлын байгууллагууд сайн ажиллаж байна. 

 

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын ажлын статистик гэвэл?

-Аймгийн ИТХ-ын үндсэн хуралдааныг 5 удаа хийж, 30 гаруй тогтоол гаргасан байна. Хурлын тэргүүлэгчид 34 удаа хуралдаж, 127 тогтоол гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавиад ажиллаж байна. Гаргасан тогтоолын 53 хувь нь бүрэн биелж, 47 хувь нь хэрэгжилтийн шатандаа явж байна.

 

-Хурлын ажлын албаны бүтцийн талаар товчхон танилцуулбал?

-Хурал маань өмнөх 4 жилд 13 орон тоотой байсныг төсөв мөнгөний хүндрэлтэй байгаагаас шалтгаалж цөөрүүлээд одоо11 орон тоотой ажиллаж байна. Хурлын дэргэд Төрийн байгуулалт хяналт шинжилгээ үнэлгээний хороо, Хууль эрх зүй авлига ёс зүйн хороо, Хөрөнгө оруулалт төсөв санхүүгийн хороо, Хөдөө аж ахуй аялал жуулчлал байгаль орчны хороо, Өргөдөл гомдол сургалт сурталчилгааны хороо, Нийгмийн бодлогын хороод ажилладаг. Хамгийн олон хуралдсан нь Хөрөнгө оруулалт төсөв санхүү, нийгмийн бодлогын болон Хөдөө аж ахуй аялал жуулчлал байгаль орчны хороод байна.

 

-Ойн хүрээнд хийсэн бусад ажлууд гэвэл?

-Өнгөрсөн жил бид шинэ үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууддаа хүндэтгэл үзүүлж, “Төр түшилцсэн түмний элч” ном хэвлүүлж, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, “Ардчилсан шинэ Үндсэн хуулийн гудамж” нээн, сум бүрийн Иргэний танхимд алдрын булан байрлуулан, аймгийн музейд “Үндсэн Хуулийн булан” шинээр нээсэн.Депутатуудаа Улаанбаатар хотод болсон нэгдсэн арга хэмжээнд оролцууллаа.

 

-Ирэх онд Хурлаас барьж ажиллах бодлого чиглэл юу байх вэ?

-Бид 2017-2020 онд баримталж ажиллах зорилтуудаа баталсан. Эдгээр зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дээр нь Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэм тус болж ажиллана. Ингээд орон нутагтаа хүрч ажиллахад анхаарна. Аль болохоор баг бүрт хүрч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байна.


Ярилцсан сэтгүүлч Д.Одонтунгалаг 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%