Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан болов. Хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоож, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тус тус хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Хурлын Эрх зүй, Нутгийн удирдлагын хороо, Эдийн засаг, төсвийн хороо, Төсвийн зарцуулалтын хяналтын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Ёс зүй, өргөдлийн хороо болон намын бүлгүүд санал дүгнэлтээ танилцуулсан юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай танилцаад асуулт, асууж санал хэлэв. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн 2018 оны төсвийг баталж Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ ” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө, Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоож, орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолуудыг тус тус баталлаа.
Дүүргийн 2018 оны Төсвийг хэлэлцэн, баталсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчдөд талархал илэрхийлээд цаашид Төлөөлөгчдөөс гарсан санал, хүсэлтийг хуулийн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллана гэлээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Хурлын ажлын албаны хэлтсийн дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга, бусад хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид түүний ажлын албанаас 2017 онд зохион байгуулсан ажлын тайланг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж Төлөөлөгчдийн саналыг сонслоо.