Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр болж зургаан асуудал хэлэлцэн баталлаа.
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал болон бусад хэлтэс албадын дарга оролцов.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Чингэлтэйд үйлдвэрлэв”, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус танилцууллаа.
Хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой санал дүгнэлттэй Тэргүүлэгчид танилцсаны дараа холбогдох хэлтэсийн дарга нарт үүрэг чиглэл өгөв.
Мөн өнөөдрийн хурлаар Хурал, Тэргүүлэгчдээс 2017 онд баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт Иргэд, байгууллагаас Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанд ирүүлсэн өргөдөл, гомдлын 2017 оны тайлан, мэдээ, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Ажлын албанд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 20 өргөдөл, гомдол, хүсэлт ирснээс 6 өргөдлийг Хурлын ажлын алба шийдвэрлэж, 14 өргөдлийг Засаг даргын Тамгын газар түүний харьяа хэлтэс албадад цахимаар болон албан тоотоор шилжүүлж шийдвэрлэсэн байна.