“ЦОДГОР ХҮҮ-2018” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ...
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, тэдний авъяас
билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэх зорилгоор зохион
байгуулагддаг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэлж нээлтээ
хийлээ.Нээлтэнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Шатрын
холбооны тэргүүн Л.Батсайхан, Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатар,
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар оролцож
тамирчин хүүхэд багачуудад баяр хүргэж амжилт хүсэв.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн
Шатрын холбооны тэргүүн Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны Үндсэн зорилтын 4-дэх “ Хэнтийчүүдийг
дэмжих” , “Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгох” зорилтын дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор Оюуны спорт шатар даамыг хөгжүүлэх
“Даам шатарчин өрх, байгууллага, хамт олон” хөдөлгөөнийг Хэнтий аймгийн
хэмжээнд өрнүүлэх тухай шийдвэр гарсан.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд байгууллагын ажилтан, албан
хаагчдын чөлөөт цагт зохиодог спортын арга хэмжээнд шатар даамын тэмцээнийг
оруулж байх, өөрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн хүлээлгийн өрөө,
үйлчилгээний тамхимд Шатар, Даам тоглох боломжоор ханган ажиллахыг нийт Албан
байгууллага, Аж ахуйн нэгжийн дарга, Захирал, Эрхлэгч нарт уриалан ажиллаж
байгаа. Энэ ч утгаараа Оюуны спорт шатар даамыг дэмжиж ажилладаг, 2017 онд манай
аймгийн өсвөрийн тамирчид Улс, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай
оролцож шагналт байрыг эзэлсэн байдаг.” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд 5-11 хүртэлх насны хүүхдүүд оролцож байгаа
бөгөөд 16 сум суурин газрын 150 гаруй тамирчид ирж оролцож байна.