Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд
найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээ
байгууллагын санхүүгийн дэмжлэгээр “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв
батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Нутгийн манлайлал” сургалтыг
аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийг хамруулан
зохион байгууллаа.
4 удаагийн сургалтаар 136 эмэгтэй Төлөөлөгч хамруулах
сургалтын эхний ээлж өнөөдөр эхэлж Хэнтий аймаг, Хэрлэн, Баянхутаг, Мөрөн зэрэг
сумдын эмэгтэй төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нар болон Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны эмэгтэй ажилтнууд хамрагдажээ.
Сургалтыг нээж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга Л.Батсайхан, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, “Сайнхүү Ивээл Сан”
ТББ-ын гүйцэтгэх захирал С.Гандолгор нар үг хэллээ.
Эхний хичээлийг МНУХ-ны ажлын албаны дарга Р.Янжинлхам “иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, бүлэг байгуулах тухай” орсноор эхлүүлсэн юм.
Манай эмэгтэй Төлөөлөгчид нутгийн удирдлагын бүрэн эрх, эрх зүйн орчинг хуулийн хүрээнд бүрэн хэрэглэх, төслийн гүйцэтгэл, төсөв батлах үйл явц, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, бүлэг болж ажиллахын давуу тал, иргэдийн санал, оролцоог хангах, үр дүнтэй хэлэлцээр, төсөв, захиргааны ажилд хяналт тавьж, зарцуулалт, хэмнэлтийн орчин, үр дүнг нэмэгдүүлэх арга зүйд суралцана. Мөн хувийн манлайлал, РR, албан хаагч эмэгтэйчүүдийн соёл, Хурлын төлөөлөгчийн олон нийттэй харилцах, эргэх холбооны талаар мэдлэг олж авлаа.
Ирэх саруудад
зохион байгуулах 3 удаагийн сургалтыг бүсчилсэн байдлаар зөвлөгөөн, сургалт
хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд урлаг спорт, соёлын
ажилтай хослуулах юм.