Жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэдэг билээ.
Энэ жил аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хэрлэн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал хамтран өнөөдөр 11:30 цагт Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөх үйл
ажиллагааг зохион байгууллаа.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ: Тэртээ 1937 оны 09
дүгээр сарын 10-ны өдөр нам, төр, цэргийн удирдах ажилтан 14 иргэнийг олон
түмний өмнө хилсээр шүүн таслаж, амийг нь егүүтгэж, цаазалсан бөгөөд энэ сэтгэл
сэртхийлгэм, бараан үйл явдлын хоморгонд төрийн сайдаас эхлээд Монголын сор
болсон аавын хүү, ээжийн охид, эгэл малчныг хүртэл нийт 30 мянга гаруй хүн улс
төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайруулсан юм.
Та бид 80 гаруй жилийн өмнөх хэзээ ч мартаж
болохгүй, мартвал давтагдаж болох энэ өдрийг нэхэн санаж, улс төрийн
хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, тэднээсээ уучлал гуйж, түүхэн, гашуун
сургамжийг сануулж, эргэцүүлэхийн тулд цуглаад байна. Аймгийн
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, төв комисстой хамтран
цагаатгал, нөхөх олговор авах иргэдэд зөвлөгөө өгөх зорилгоор ажлын хэсэг
ажлуулан 37 иргэнийг уулзуулж, иргэний хүсэлт өргөдлийг хүлээн авч
ажилласнаар 8 иргэнд нөхөх олговорыг олгуулаад байна.” хэмээн Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүндэтгэлийн
ажиллагааг нээлээ.
Дурсгалыг хүндэтгэх үйл
ажиллагаанд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хамаатан, садангууд, аймаг, сумаас
сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, төр захиргааны ажилтнууд,
аймаг, сумын ЦАУЗБСК-ийн гишүүд, Хэрлэн сумын багийн удирдлага, зохион
байгуулагчид, нийгмийн ажилтнууд, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдийн лам
хуврагууд, хүндэтгэл үзүүлэн оролцсон юм.
Энэ үеэр ЦАУЗБСК-ийн нарийн бичгийн дарга,
АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор
олгох тухай хуулийн өөрчлөлтийн тухай танилцуулга хийлээ.
Энэ жил аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс,
төв комисстой хамтран 12 иргэний хүсэлт өргөдлийг хүлээн авч 5 иргэнд нөхөх олговорыг олгосон бөгөөд Дадал сумын комисст
хэлмэгдэгсдэд зориулан босгосон "Язгуурын 3 суварга" засварлахад
зориулж 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
2011 онд зогсоосон байсан хуулийн
үйлчлэлийг дахин сэргээж, улмаар хэлмэгдэгсдийн төрсөн хүүхэд, үрчлэгдсэн
хүүхдэд орон сууц авахад зориулж нэг удаа 40-80 сая төгрөг олгохоор Монгол
улсын Их хурал, Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Энэхүү нөхөх олговрыг олгох
бэлтгэл ажлыг энэ онд хангаж, 2019 оноос олгож эхлэнэ. Манай аймгийн хэмжээнд
бүтгэж үзвэл энэ хуулийн үйлчлэлд хамрагдах 88 иргэн байгаа юм.