- Сайн байна уу. Тантай ярилцлагын ширээний ард уулзаагүй дөрвөн жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд таны ажил болоод амьдралд гарсан хамгийн том өөрчлөлтүүд юу байв?
-Дөрвөн жил хурдан өнгөрчээ. Гэр бүлд минь нэг гишүүн нэмэгдэж гурван сайхан хүүхэдтэй боллоо. Аймгийн ИТХ-ын сонгуульд төрсөн багтаа нэр дэвшин өрсөлдөж сонгогдлоо. Өөр нэг чухал зүйл бол Ази, Hомхон далайн орнуудын маркетингийн судалгааны компаниудын 9 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсдаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 15 орны 60 орчим гадаадын төлөөлөгч, дотоодын 300 орчим компанийн төлөөлөгчид оролцож, бүс нутгийн маркетингийн судалгааны өнөөгийн байдал хэтийн төлөвийн талаар гурван өдрийн турш хэлэлцсэн. Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг Ази, Номхон далайн орнуудын зах зээл дээр гаргах цаашилбал дэлхийн зах зээл дээр гаргах ажилд дотоодын компаниуддаа туслах нь энэ ажлын эцсийн зорилго байснаараа илүү их ач холбогдолтой юм.
-Таны үүсгэн байгуулсан MMCG ХХК олон улсын стандартад нийцүүлэн үйл ажиллагаа, техник технологийг байнга нэвтрүүлж байдаг. Тиймдээ ч үндэсний хэмжээний судалгааны №01 компани гэж үнэлэгдэх болсон байх. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-Судалгааны мэдээллийг богино хугацаанд чанартай, алдаагүй цуглуулах чиглэлээр техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг сүүлийн 4 жилийн хугацаанд хийж ирлээ. Монгол Улсын бүх сууринд хүрч, утсаар богино хугацаанд мэдээлэл цуглуулах, утсаар судалгаа авах төвдөө өргөтгөл хийлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд тодорхой асуудлаар иргэд, олон нийтийн санаа бодлыг 72 цагийн дотор цуглуулж, шийдвэр гаргагчдад үр дүнг хүргэх боломж бүрдлээ. Олон улсын түвшинд техник технологийн дэвшил судалгааны салбарт өргөн хүрээнд ашиглагдах болсон. Энэ хандлагаас хоцрохгүй байхыг хичээж байна. Судалгаанд оролцогчдын сэтгэл хөдлөл, төрх байдлыг бодитоор илрүүлэх нейро технологи буюу хүний нүдний хүүхэн харааны хөдөлгөөн, нүүрний хувирлыг илрүүлэх технологийг судалгааны ажилдаа нэвтрүүллээ.
Түүнчлэн цуглуулсан судалгааны мэдээлэлдээ илүү нарийн дүн шинжилгээ хийж, харилцагчид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад чухал мэдлэг мэдээлэл, зөвлөмжийг өгөх чиглэлээр судалгааны арга аргачлалаа сайжруулах дээр олон улсын нэр хүндтэй зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, зөвлөгөөг нь авч, хэрэгжүүлж эхэлсэн.
Ер нь тэгээд гадны зөвлөхийн үгийг л дагадаг, сонсдог байдлыг өөрчилж, үндэсний судлаачид нөхцөл байдлаа сайн ойлгож, олон улсын түвшинд хүрсэн судалгаа зөвлөх үйлчилгээг үзүүлж чаддаг юм шүү гэдгийг харуулахын төлөө л ажиллаж байна даа.
-Энэ асуултад хариулт өгөхөөс өмнө нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Аймаг орон нутагтаа хэрэгтэй зүйлийг хийе, иргэдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхмыг хийе гэхээр төсөв хөрөнгө байхгүй, санхүүжилт дутагдалтай гээд шалтаг, шалтгааныг ярьдаг байлаа. Гэтэл олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хүрээнд бодитой судалгаа, шинжилгээнд тулгуурласан, үр өгөөжөө өгөхүйц, түүнийгээ судалгаа, шинжилгээгээр нотолсон төслөө сайн боловсруулаад өгвөл дэмжигдэх, санхүүжилт авах, бодитой ажил болгох боломж байдгийг би анх компаниа байгуулаад олон улсын байгууллагуудын төсөл дээр ажиллаж эхэлсэн үеэс олж харсан. “Төслөө бэлдээд өг, энэ асуудал дээр чинь санхүүжилт олгоё, дэмжье, төсөл хэрэгжүүлье” гэхэд төрийн байгууллага, орон нутгийн удирдлага санаачилгатай хандаж өгөхгүй байна гэхийг олонтоо сонсч, харамсах сэтгэл төрж байсан.
2016 оны орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох Хэнтий аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөрийг манай багийнхан хамтдаа боловсруулж байсан. Тэр үед эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан. Аймгийн иргэдийн амьдрах орчин, аж амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр томоохон зорилтуудыг тавихдаа бид төслөө сайн боловсруулаад олон улсын байгууллагын дэмжлэгийг авч болох боломжийг ашиглах юм байна гэж төлөвлөсөн.
МАН-ын 8Б мөрийн хөтөлбөрийн “Бодлогыг тодорхойлогч Хэнтийчүүд болох” зорилтод “Асуудалд хариуцлагатай дүгнэлт хийж, орон нутгийн хөгжил, иргэддээ хэрэгтэй төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж чадах төрийн албан хаагчдаар төрийн албыг бүрдүүлнэ. Бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн - төрийн албан хаагч бүр бодитой судалгаа мэдээлэлд үндэслэн аймаг, орон нутгийн салбарын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийдэг, төсөл хөтөлбөрийн санал боловсруулж дэмжлэг авч хэрэгжүүлэх бүхий л бололцоог эрэлхийлдэг мэдлэгтэй, чадварлаг, хариуцлагатай боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлнэ. Хэдэн төсөл хөтөлбөр бичиж, дэмжлэг туслалцаа авсан, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж чадсан, төсөл хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, бодитой үр дүнг гаргаж чадсан эсэхээр нь төрийн албан хаагчдыг бид үнэлэх болно” гэдэг заалтыг оруулж байсан. Би аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн Засаг даргын зөвлөхийн хувьд энэ л чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллаж ирлээ.
Төрийн алба, ажлын дэг жаяг байлгүй яахав. Гэхдээ зарим тохиолдолд бас хэтрүүлдэг тал байдаг гэдэгтэй маргахгүй ээ. Ямар арга хэмжээг хэнээр, яаж нээлт хийлгэвэл зохимжтой гэдгийг зохион байгуулагчид өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Саяхны нэг жишээ дурдахад “Лантуун дохио” ТББ-ын залуучууд СХД-ийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан “Ид шидийн орон” гэдэг нэртэй хүүхэд хамгааллын төвийг олон хүний дэмжлэг туслалцаатайгаар барьж байгуулсан. Энэ ажлын нээлтийн туузыг нь тэнд амьдардаг хүүхдүүд өөрсдөө хайчилсан. Зөв хандлага шүү дээ.
-Танай нам үнэхээр 8Б хөтөлбөрт тусгасан шигээ санаачилгатай, хариуцлагатай боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлж чадсан уу?
Удирдлагууд аль болох чадварлаг, хариуцлагатай боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин томилоод мартдаг биш ажлын үр дүн, гүйцэтгэлээр нь үнэлж дүгнэдэг тогтолцоог жигдрүүлэх хэрэгтэй. Сайн байвал урамшуулдаг хангалтгүй байвал хариуцлага тооцдог байх ёстой.
-Гол асуултаасаа жаахан хазайчихлаа, уучлаарай. Судалгааны тухайд цааш нь ярилцъя?
-Сүүлийн жилүүдэд манай байгууллага дээр хийгдсэн олон улсын байгууллагын нэлээд судалгааны төсөл Хэнтий аймагт чиглэгдэж хийгдсэн. Тухайлбал, энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламж барьж байгуулах төслийн суурь судалгаан дээр ажиллалаа. Төслийн суурь судалгаа сайн хийгдэж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингис хотод маань цэвэрлэх байгууламж баригдах шийдвэр гарч байна.
2016 оны 11-12 дугаар сард Дэлхийн банкны Эрчим хүчний 2 дугаар шатны төслийн суурь судалгаан дээр мөн ажилласан. Төсөл орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой. “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх юм. Судалгааны үр дүнд үндэслэн төсөл хэрэгжихээр болж, Чингис хотын хуучирч муудсан цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг шинэчлэх, өргөтгөх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх зэрэг ажлууд эхлээд явж байна.
-“Сайн төсөлчин” гэж надад тохирохгүй магтаал байна аа Одноо. Өөрийнхөө хэмжээнд судалгаатай, бодитой төсөл бичиж өгсөн нь л дэмжигдсэн хэрэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-д Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх төслийн саналыг бэлдэж өгөөд дэмжлэг санхүүжилт авсан. Энэ ажлынхаа хүрээнд Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших хуучин оршуулгын газрыг хэрхэн дахин төлөвлөх асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгын ажлыг хийсэн. Санал асуулгын үр дүнгээр иргэд уг газрыг тохижуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Цаашид үүний дагуу ажиллана гэж бодож байгаа. Уг ажлын утга санаа нь иргэдтэйгээ зөвлөлдөж хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх нь зөв зүйтэй юм гэдгийг бодитоор харуулах явдал байсан. Ирэх жилийн төсөвт тусгуулах талаар Хэрлэн сумын ИТХ, Засаг даргад төсөл, судалгаагаа хүргүүлсэн байгаа.
Судалгааны чиглэлээр ажиллах хугацаанд иргэдтэй уулзаад явж байхад “Олон судалгаа авах юм даа. Тэгээд сайжирч байгаа зүйл байна уу” гэж их асуудаг. Судлаач хүн ямар үед ажлаараа бахархдаг гээч. Судалгааны үр дүн нь бодит ажил болоод, түүний дагуу иргэдэд үр өгөөжөө өгч байгааг харахад сайхан байдаг. Иймдээ ч судалгаанаас олж харсан зүйлээ хэрэгтэй хэн бүхэнд нь хэлээд өгчих юм сан, болохгүй байгаа зүйлийг засч залруулчих юм сан, бодит ажил болгохын төлөө ажиллахыг хичээдэг.
-Зөвхөн Хэнтий аймагт биш Монгол даяараа л эх захгүй мэдээллийн далайд живж хүн бүр “улс төрч” болчихоод байгаа болохоор улс төрийн хийрхэлд автчихсан байна гэж хэлж болохоор байна.
Энэ байдлыг дараах хоёр зүйлтэй холбож тайлбарлаж болох юм.
1-рт: Яах аргагүй өнөөгийн улс төрийн тогтворгүй байдал нь улс төрийн хийрхэлд автуулж байна. Хэн бүхний нүдэн дээр ил байгаа зүйл. Олон ч судалгаа хийгдсэн мөн хийгдэж байгаа.
2-рт: Сошиал орчин дахь (Fake news) хуурамч мэдээллүүд хяналтаас гарсан явдал. Монголчууд бид цайлган, итгэмтгий ард түмэн. Тийм ч учраас аливаа зүйлд амархан итгэж хуйлардаг сул талтай. Манай компанийн хийсэн Медиа атлас судалгааны үр дүнгээс харахад Монголын сошиал орчин дахь мэдээллийн 10 мэдээ тутмын 4 нь хуурамч мэдээлэл байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сошиал дахь хуурамч мэдээллийн давалгаа нь ард түмнийг улс төрийн хийрхэлд улам өдөөж, турхирч байна гэж дүгнэж болох юм. Хамгийн сүүлийн нэг эмгэнэлтэй жишээ хэлэхэд онлайн орчинд тарсан цуурхалд итгэсэн Энэтхэгийн зүүн хойд мужийн иргэд гурван хүний аминд хүрснээс болж мужийн захиргаа нь 48 цагийн турш интернет сүлжээг хаасан үйл явдал болсон. Манайд ч гэсэн ийм зүйл болохгүй гэх баталгаа алга.
-Сүүлийн 28 жилийн хугацаанд төрийн эрхийг ээлжлэн барьж байсан 2 том намд итгэх иргэдийн итгэл улам бүр л буурсаар байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 100.000 гаруй сонгогч цагаан хуудас өгсөн нь үүнийг бодитоор батлаад өгчихсөн. Энэ бол улс төрийн намууд үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх цаг болсныг харуулсан том сануулга юм. Хэдэн зуун мянган гишүүнтэй гэдгээрээ өрсөлддөг цаг үе ард үлдэж, бодлогоороо өрсөлддөг цаг үед бид амьдарч байна. МАН одоо Бодлогын нам болох ёстой. Бодлогын нам гэдэг бол бодлого боловсруулах институци (Think Tank) юм. Институци гэдэг бол судалгаа хийж мэдээлэл цуглуулах, бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгч, эргэх холбоог хангах цогц систем байдаг. Тогтолцооны ийм өөрчлөлтийг хийхийн төлөө өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагын хүрээнд энэ бүхнийг бодит ажил болгон ард иргэдийн санаа бодол дээр тулгуурласан хөгжлийн зөв бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэгч улс төрч байхыг хичээх болно.
-Хэнтий аймаг хөгжиж байна уу? Хөгжлийг хурдасгах таны үзэл бодлын талбараар аялая?
-Ямар хэмжүүрээр харахаас хамаарна л даа. Мал сүргийн тоо таван төрөл дээрээ нэмэгдэж анх удаа 4.4 сая толгойд хүрсэн, эмнэлэг, сургуулийн шинэ барилгууд ашиглалтад орсон, цагдаа, татвар, Стандартчилал хэмжил зүйн барилгууд шинээр баригдаж байна гэх мэт материаллаг талаасаа харвал хөгжиж байна гэж хэлж болно. Хэнтий аймгийн хувьд нийслэлд ойрхон, дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн хөгжсөн аймгийн тоонд ордог. Аймагт аялал жуучлалыг хөгжүүлэх талаар тодорхой ажлуудыг төлөвлөж, эхлэл нь тавигдаад байна. Энэ бүхэн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, өрхийн үйлдвэрлэл, амьжиргааг дээшлүүлэх боломжийг нээж өгч байна. Үүнд бид бэлэн байна уу? Хэнтий аймагт брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? гэдгийг бид бодох хэрэгтэй. Хэнтий аймгийн хувьд ажилгүйдлийн түвшин маш өндөр байна. Иргэдээ ажилтай орлоготой болгох, үүний шийдэл нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх. Энэ чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, их ч хөрөнгө мөнгө зарцууллаа. Үр дүн нь харагдахгүй байна. Үүнийг бид одоо арай өөрөөр хийх хэрэгтэй гэж боддог. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хөнгөлөлттэй зээл, санхүүжилт хэрэгтэй гэдэг байсан бол одоо зах зээлийн боломж, борлуулалтыг хэрхэн өсгөх вэ, бараа, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэгчдэд хүргэх тал дээр илүү анхаарал хандуулах болж. Сум бүр өөр өөрийн давуу тал, боломж бололцоон дээр тулгуурласан ялгаатай брэнд, үйлчилгээнийхээ чиглэлийг тодорхойлоод түүнийг орон нутгийн удирдлагууд нь патент, зохиогчийн эрх, брэнд нэрийнх нь хувьд зохих хамгаалалтыг нь хийж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Батширээт, Биндэрийн зөгийн бал, Дадал сумын цөцгийн тос гээд. Энэ чинь тухайн орон нутгийн давуу тал шүү дээ. Улаанбаатар хотын хэрэглэгчид, Хэнтийд ирсэн хүмүүс түүнийг нь мэддэг ярьдаг, зорин очиж авдаг хэрэглэдэг болгохын тулд нэгдсэн маркетинг, борлуулалтын сувгийнх нь хувьд дэмжээд өгвөл бизнес эрхлэгчид маань зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад хөгжөөд ирнэ. Хоршоод, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд тэр бүр үүн дээр анхаарч ажиллах боломж хязгаарлагдмал. Үүнд л тэр ЖДҮ-ийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгийг зарцуулах хэрэгтэй.
Аймгийн төв, сумын төвүүдэд хуучнаар бол ахуйн үйлчилгээний төвүүдийг бий болговол олон хүнийг ажлын байраар хангах боломж байна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор ахуйн үйлчилгээний төвийг бариад түүндээ гутал засвар, оёдол засвар гээд бүх төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг оруулчихвал хөрөнгө оруулагч нь түрээсээ аваад, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байртай, иргэд нь энд тэндээс хайж, бүр Улаанбаатар орохдоо авдаг байсан үйлчилгээгээ нэг дороос аваад аль аль талдаа ашигтай.
Харин хөгжлийн талаарх ойлголтыг айл өрхийн түвшинд авч үзвэл хөгжиж дэвшсэн гэх дүр зураг бууж өгөхгүй байна. Үндэсний статистикийн хорооноос 2 жил тутамд хийдэг “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны үр дүнгээс харахад Хэнтий аймагт ядуурлын түвшин өндөр гарсан. Хөгжлийн үр нөлөөг хүн бүрт хүргэх, айл өрх, иргэдэд үр дүнгээ өгсөн байх нь чухал. 2019 онд энэ судалгааны 2018 оны тайлан гарна энэ үед өөрсдийн хийсэн ажилдаа дүгнэлт хийх боломжтой болно. Хүмүүсийн эрүүл саруул аж төрөх, урт удаан наслах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх нь хөгжлийн зорилго байдаг. Одоо бид нийгмийн хөгжлийн асуудлаар анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.
-Мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Хоёрхон жилийн өмнө хоосон байсан 6-р цэцэрлэгийн хажуу талын газарт ямар их ажил хийгдсэнийг та бүхэн харж байгаа. Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан Зочид буудал, рестораны цогцолбор ашиглалтад орлоо. Мөн Авто тээврийн вокзал, Багийн хөгжлийн төв, Өрхийн эмнэлгийн барилга баригдаж, тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Ингэснээр тодорхой хэмжээний ажлын байр бий болох боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Булаг, Өлзийтийн нүүрний эгнээнүүд, Өргөөгийн зүүн үзүүрийн айлуудын хашааны газрын үнэлгээ нэмэгдэж байгаа сайн мэдээтэй. Одоо дэд бүтцийн шугамыг л (цэвэр, бохир болон халаалт) энэ чиглэлд өргөтгөн татах хэрэгтэй байна. Алсдаа энэ хэсэг газар бол үйлчилгээ худалдааны дэд төв болон хөгжих учиртай юм.
Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй хэдий ч аймгийн төвийн усан сангуудыг Смарт болгох талаар санаачилга гаргасан. Энэ санаачилгыг Засаг даргын зүгээс дэмжиж, одоогийн байдлаар төвийн 6 худаг Смарт буюу 24 цагийн ажиллагаатай болоод байна. Үүний гурав нь 2-р багийн худаг байгаа.
-Докторын ажлын сэдвийн нэрээ яг эцэслэн тогтоогүй байна. Гэхдээ бол Үндэсний медиа хэрэглээний судалгаан дээр суурилсан эрдмийн ажил юм. 2014 оноос хойш 4 жил дараалан энэ судалгааны ажил дээр ажиллаж байна. Медиа хэрэглээ бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна. Тийм ч учраас энэ салбарыг нарийвчлан судлах шаардлагатай. Хэдэн тоо баримт авч үзье.
2016 оны байдлаар Монгол Улсад 125 телевиз (кабель тв), 89 сонин, 56 fм радио, 96 мэдээллийн сайт, 80 сэтгүүл нийт 446 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үзвэл нэг хүнд ногдох уламжлалт медиа хэрэгслийн тоогоор бид дэлхийд толгой цохиж байна. Үүн дээр орчин үеийн медиа хэрэглээ болох сошиал медиаг (facebook, twitter гэх мэт) нэмээд бодоод үз дээ. Толгой эргэм тоо гарна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн мэдээлэл авах суваг маш их нэмэгдсэн, зар сурталчилгааны үнэ өссөн энэ үед бизнесийн байгууллагууд (төрийн байгууллагуудад ч мөн хамаатай) өөрийн зорилтот сегментэд бага зардлаар, богино хугацаанд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сурталчлан хүргэх вэ? гэдэг асуудалтай нүүр тулаад байна. Энэ асуудалд зөв хариулт өгөх нь судалгааны ажлын минь гол хэсэг юм. Насны бүлэг болон амьдралын хэв маягаасаа шалтгаалан хэрэглэгчдийн медиа хэрэглээ ялгаатай шүү дээ.
-Маш чухал судалгааны ажил байна шүү. Танд амжилт хүсье. Нээлттэй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танд ч бас