Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

П.ЖАВЗАНРАГЧАА: ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙЖ ТЭДНИЙХЭЭ НИЙГЭМД ХҮРГЭХ ГЭСЭН ДУУ ХООЛОЙГ СОНСОНО

2018-10-31

Хэнтийн мэдээ агентлаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай олон талаар хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа шийдэл” ухаалаг дэвтрийг 18 сум 5 тосгонд аялуулж, иргэдээс гарсан санал санаачлагыг холбогдох байгууллагуудад нь уламжлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл хэргийг иргэдэд ойр, ил тод мэдээллэх, тэдний санал бодлыг сонгогчдод нь хүргэх дуу хоолой байх эрхэм зорилгыг өвөртлөн “Иргэдийн төлөөлөгч” буланг нээн ажиллуулж байгаа юм. Энэ удаагийн зочноор аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Жавзанрагчаа уригдлаа. 

-             2018 он Хэнтий аймгийн хувьд ажил хөдөлмөр буцалсан бүтээлч жил болж өнгөрч байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн тухайд энэ оны ажлаасаа онцолвол?

Аймгийн ИТХ-ын хуралдаанд  2 удаа, байнгын хорооны хуралд 1 удаа оролцож, иргэд, сонгогчдын санал, хүсэлтийг дамжуулан ажиллалаа. Иргэд, сонгогчдын санап хүсэлтийг тогтмол хүлээн авч ажиллахын зэрэгцээ нийтийг хамарсан болон тусламж үйлчилгээ шаардлагатай цаг үеийн ажилд тогтмол оролцож байна. Мөн сумын ИТХ, Иргэний танхимтай хамтран “Санал авах хайрцаг”-ийг баг, байгууллагаар  аялуулан,  18 санал хүсэлт ирснийг нь 100% шийдвэрлүүллээ. Сонгогчдоос амаар болон биеэр ирсэн саналуудад тухай бүр хариу өгч ажилладаг.

-          Иргэдийн саналыг шийдвэрлэж ажилдаг гэлээ. Иргэдээс ихэвчлэн ямар саналууд ирдэг вэ?

 Сонгогчдоос маань ирсэн саналын дийлэнх нь шагналд тодорхойлуулахыг хүссэн, ундны усны хангамж, эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой саналууд байдаг. Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх ажлын хүрээнд  сумын удирдлагуудтай хамтран төлөөлөгчийн зүгээс эмнэлэгийн ажилчидтай уулзалт хийн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Үүний үр дүнд “Сум хөгжүүлэх сан”-аас 10,0 сая төгрөгөөр эмнэлэгт биохимийн анализаторын аппарат авахуулах ажлыг шийдвэрлүүлж чадсан. Мөн сургууль, багш нараас ирсэн  санал хүсэлтийг уламжилж, сургуулийн орчинд гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОНХС-аас 10,0 сая төгрөгийг  шийдвэрлүүлэн, сүүлийн үеийн 47 ширхэг  камер болон бусад тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулах ажпыг зохион байгуулсан. Сумын нутаг дэвсгэрт орших эмчилгээний чанартай гэх “Зүртийн рашаан”,  “Элэгний рашаан”,  Цагаан өндрийн “Хажуу булаг”,  Баян толгойн булгуудын дээжийг ОХУ-ын Москва хот дахь эрдэм шинжилгээний институтэд хүргүүлж, нарийвчилсан судалгаа хийлгүүлснээс Зүртийн рашаан, Элэгний рашаан нь элэг цөсний өвчнийг эрүүлжүүлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдоод байна.

-           Иргэдтэйгээ ойр, нээлттэй ажиллах нь төлөөлөгч хүний үүрэг байдаг. Таны хувьд?

Тиймээ. Иргэд намайг өөрсдийн төлөөллөө гэж сонгосон учраас иргэдтэйгээ ойр байж, тулгамдсан асуудлуудад нь шийдэл, гаргалгаа гаргаж, тэдний төлөө ажиллах нь миний үүрэг. Иргэдтэйгээ ойр дотно ажиллахыг хичээдэг. Сар бүр зохион байгуулагддаг ахмадын  хөтөлбөр, шинэ жилийн баяр гээд тэмдэглэлт үйл ажиллагаанд төлөөлөгч Ч.Алтанзаяатай хамтран идэвхтэй оролцож байдаг.  Зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд  идэвх санаачлагатай оролцсон болон нэн ядуу, архаг өвчтэй, зорилтот бүлгийн иргэдээ  сувилалд  эмчлүүлэх эрх,  оношлогоо хийлгэх эрх зэргийг  өгч урамшуулдаг.

-          Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд төлөөлөгчийн хувьд хэрхэн анхаардаг вэ?

Төлөөлөгч хүний хувьд нийгмийн салбар бүрт анхааран ажиллахыг эрмэлздэг.  АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, сумын ЕБС-ийн удирдлагуудтай уулзан, 2018-2019 оны хичээлийн жилд хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулахад зуучлан ажиллаа. Нүүр ам судлалын сургуулийн нарийн мэргэжлийн багш нарын групп үзлэгийг 2018 оны 4-р сард сумандаа урьж, хямдралтай үнээр үзлэг, эмчилгээ хийлгэхэд давхардсан тоогоор 560 гаруй хүүхэд, 80 гаруй иргэн, “Шүдээ хайрлая” сургаптанд 1-5-р ангийн 438 сурагч болон бага ангийн 15 багш хамрагдаад байна. Мөн Улаанбаатар хотын “Буман санаа” эмнэлэгтэй хамтран ажиллаж, 2 сар тутам мэргэжлийн шүдний техникч, эмч нарыг урьж,  хиймэл шүдийг 36 ахмадад хөнгөлөлттэй үнээр, 1 ахмадад үнэгүй хийлгэхэд зуучлан ажиллалаа. Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Алтанзаяатай хамтран 33 ахмадыг хөнгөлттэй үнээр, “Их тамир”, “Эрх саран” сувилалуудад амрааснаас гадна аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд сар бүр 5 ахмадыг эмчлүүлэх гэрээ хийн ажиллаж, одоогоор  40 гаруй ахмад хамрагдаад байна.

-          Таныг иргэдтэйгээ уулзалт сургалтыг идэвхтэй зохион байгуулдаг гэж сонссон? 

Иргэдтэйгээ тогтмол уулзаж байх нь төлөөлөгч хүнд их чухал. Учир нь иргэдийнхээ дунд орж ажиллаж байж тэднийхээ нийгэмд хүргэх гэсэн дуу хоолойг сонсоно шүү дээ.

БХТН-ийн Хэнтий аймаг дахь салбартай хамтран 2018 оны 5-р сард мотоцикль жолоодох А ангилалын үнэмлэх олгох сургалтыг зохион байгуулж, 19 иргэнээ хамрууллаа. Мөн  5, 7, 8-р сард хоёр удаа 7 багаар тойрон иргэдтэйгээ уулзалт хийж, ажлынхаа тайланг хүргэн,  санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.  Үүнээс гадна Хэнтий, Талын булаг, Чандган багуудад  Ахмадын өдөрлөгийг зохион байгуулж, багийн Ахмадын зөвлөл, БИНХ, багийн Засаг даргатай хамран зохион байгуулсан. Зохион байгуулсан арга хэмжээ, сургалт уулзалтанд маань идэвхтэй хамрагдаж, санал хүсэлтээ уламжилж байдаг иргэд сонгогчиддоо талархал илэрхийлье.

-          Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

        

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%