Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Хүн
амын сангийн хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь”
төслийн мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж байгаа
Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээлтээ хийлээ.
Нээлтэнд Аймгийн удирдлагууд болон Улсад ГХУСАЗСЗ-ийн
нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ийн Хүн амын
сангийн Шадар Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза, Жендерийн
хөтөлбөрийн ажилтан Б.Оюун нар оролцож тууз хайчлан шинэ байртай танилцав.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан уг
төвийг нээж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 5-р сарын 21-ний өдөр НҮБ-ийн Хүн амын
сангийн Жендерийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюун ирж аймгийн удирдлагуудтай уулзаж
“Нэг үйлчилгээний төв” байгуулах төлөвлөгөө хэлэлцсэн үүний дагуу АИТХ-ын
зүгээс уг төвийг албан ёсоор байгуулах болон тодорхой хэмжээний санхүүгийн
асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор бид 7-р сарын 30-ний өдөр
АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 51-дүгээр тогтоолоор Хохирогчид үйлчилгээ үзүүлэх
төвийг байгуулах тухай шийдвэр гаргасан, түүнчлэн 8-р сарын 26-ны өдрийн
АИТХ-ын ээлжит 8-дугаар хуралдаанаараа 10 сая төгрөгийн төсвийг суулгаж Нэг
цэгийн үйлчилгээний зардлын асуудлыг шийдсэн. Нойр хоолгүй зүтгэж ажилласан
ГБХЗХГ-ын ажилчиддаа баяр хүргье“ гэлээ.
Энэ үеэр Аймгийн
Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, НҮБ-ийн Хүн амын сангийн Шадар Суурин
төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн тоног
төхөөрөмж эд хөрөнгө хүлээн авах санамж бичигт гарын үсэг зурсан юм.