Иргэн-Төлөөлөл
Аймгийн ИТХ-ын
төлөөлөгчдийн үйл хэргийг иргэдэд ойр, ил тод мэдээллэх, тэдний санал бодлыг
сонгогчдод нь хүргэх дуу хоолой байх эрхэм зорилго бүхий “Иргэн-Төлөөлөл” буланд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баянмөнх
сумын Засаг дарга М.Цэнгэл уригдлаа.
- Танд энэ өдрийн мэндийг
хүргье? Урилгыг маань хүлээн авч, ярилцах цаг гаргасанд баярлалаа.
Баярлалаа. Хэнтийн мэдээ сонины уншигчдын амар
амгаланг айлтган мэндчилье.
- Сумын Засаг дарга байх
гэдэг эмэгтэй хүний хувьд өндөр ачаатай, эршүүд зан чанар шаардсан ажил юм шиг
санагддаг. Энэ тухай яриагаа эхэлье?
Аливаа ажилд эр эм хүйсийн ялгаа гэхээсээ илүү
ажилдаа хандах хандлага, сэтгэл л чухал гэж боддог. Чин үнэн сэтгэлээс л зүтгэл
гарна шүү дээ.
- Та сумын иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?
Баянмөнх сумын иргэд маань надад итгэж, сумын ИТХ-д
1 удаа, аймгийн ИТХ-д 1 удаа, сумын Засаг даргаар 2 удаа сонгогдон ажиллах
боломжийг олгосон. Тэднийхээ итгэлийг даах нуруутай, зүтгэлээрээ хийсэн ажилтай
байхсан гэж ямагт хичээж ажилладаг даа.
- Олон түмнийхээ итгэлийг
дааж, тэднийхээ санаа бодлыг сонсож,
олныхоо төлөө зүтгэж явахад сайхан байдаг байх?
Тэгэлгүй яахав. Түмний итгэлийг олж авч, түүнийг нь
дааж явна гэдэг амаргүй ч олон түмнийхээ төлөө хамт олонтойгоо хийсэн бүтээснээ
эргээд харж байхад сайан байдаг. Төлж бардаггүй өр бол хүний сэтгэл юм гэнэлээ.
Ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан
ажилладаг.
- Сумын Засаг дарга,
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч хоёрын зааг ялгааг юу гэж хардаг вэ?
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол аймаг орон нутгийн хөгжлийн чиг бодлогыг
тодорхойлоход иргэдийн төлөөлөл болж оролцоно. Засаг дарга бол аймаг сумын
хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх алба юм даа.
- Та Төлөөлөгчийнхөө хувьд
сонгогдсон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дурдвал?
Манай сумын хувьд уул уурхайгүй, цэвэр хөдөө аж ахуйд суурилсан учир орлого бага олдог. Энэ хэрээрээ ОНХСанд хөрөнгө бага тавигддаг. 2017 онд өрдөө 9,6 сая төгрөг л тавигдсан. Ийм учраас зүгээр л хувиарлагдсан мөнгөөр ажил хийх биш хөрөнгө мөнгө яаж босгох вэ, бага мөнгөөр яаж их зүйл бүтээх вэ гэдэг даалгавар бидний өмнө тавигддаг. Аймгийн ИТХ –аар суманд фитнесс заал барих, инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийлгэх зэрэг нэлээдгүй хөрөнгийг шийдүүлсэн. Төлөөлөгчийн хувьд ч тэр, сумын Засаг даргын хувьд ч тэр нутаг орныхоо хөгжлийн төлөө жижиг асуудлыг жижиг гэхгүй иргэдийн оролцоотой хамтран шийдвэрлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой өссөн нь маргаан дагуулсан асуудал болоод байгаа учраас манай сум 2018 оныг “Бэлчээрийн зохистой хэрэглээ, малчин миний оролцоо”-ны жил болгон зарласан. Энэ хүрээнд: “Малчдын зөвлөгөөн”-өө хийж, малчдын оролцоотойгоор сумын хэмжээнд “Нийтээр дагаж мөрдөх журам”-аа боловсруулж баталлаа. Одоо журмаа сурталчлах, хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байна. Аливаа асуудлын хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх нь иргэдийн оролцоог дээшлүүлж байдаг. Хөдөөгийн багийн иргэдийг малчны бүлэгт хувааж, сумын хэмжээнд 27 малчны бүлэг байгуулагдаад байна. Ингэснээр тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэж, нэг алхам урагш алхаж байгаа нь амьдрал дээр харагдаж байгаа. Мөн Mercy cor төслийн дэмжлэгээр “Бэлчээр менежментийн дунд хугацааны төлөвлөгөөгөө” гаргалаа. Манай Баянмөнх сумын ЗДТГ болон нийт төрийн албан хаагчид, бүтээлч хөдөлмөрч иргэд хамтран олон ажлыг бүтээж, 2017 оны ажлаараа Хэнтий аймгийн шилдэг 3 сумын нэгээр шалгарсан. Мөн Шилдэг эко сум хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ амжилтаа бататгахын төлөө хичээж явна даа.
- Амжилттай яваа хүний ард
сайн хань, сайхан үр хүүхэд байдаг шүү дээ.Гэр бүлээ танилцуулахгүй юу?
Эмэгтэй хүнд сайн хань эцгийг орлодог гэдэг. Миний
хань Болдбаатар гэж залуу бий. “Баянмөнх” дэд станцад диспетчер ажилтай. Миний
ажлыг, зорилгыг ойлгож дэмждэг. Бид
ганц охинтой. Охин маань 8 дугаар ангид сурдаг даа.
- Ирэх оны ажлын
төлөвлөгөөгөө хуваалцаж болох уу?
Бид өнөөдөр мэдээллийн хувьд хөдөө хотын ялгаа
арилсан цаг үед амьдарч байна. Гэвч амьдарлын ая тохь л дутуу байгаа байх. Бид
80 жилийн өмнө магадгүй нүхэн жорлонтой
байсан байх. Одоо ч хэвээрээ шүү дээ. Энэ нь эрүүл ахуйн болоод байгаль
экологийн талаасаа хортой. Манай сум СУМАА ШИНЭЧИЛЬЕ аян зарлаж,
1.
Айлуудын эгнээ байрыг
цэгцлэх
2. Нүхэн жорлонг сайжруулах
3. Инженерийн шугам сүлжээнд холбогдох зорилт тавин
ажиллаж байна. Зураг төсөв нь хийгдэж байна. Энэ чиглэл рүү олон ажлууд
төлөвлөж байна.
-
Ярилцсанд баярлалаа