Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII чуулган өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, дүүргийн Засаг даргаас өргөн барьсан Төсөл хэлэлцэх тухай, Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай, Дүүргийн 2019 оны онцлох жилийг зарлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн батлав.
Хэлэлцэх асуудлын хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2019 оныг “Иргэний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан төрийн байгууллагын шийдвэр гаргах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх саналыг тусган ажлын төлөвлөгөө батлуулан, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар боллоо.
“Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай” асуудлыг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ танилцуулж, эрхлэх асуудлын хүрээнд Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Б.Цогзолмаа санал, дүгнэлтээ танилцуулж хуралд оролцсон Төлөөлөгчид дэмжин батлав.
"Ногоон хөндий” зөгийн аж ахуйн цогцолбор төслийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн танилцуулж, Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Б.Цогзолмаа хэлэлцэх асуудалтай холбогдолтой хурлын хорооноос гарсан санал, дүгнэлтээ танилцуулсаны дараа ИТХ-ын Төлөөлөгчид асуулж асууж, саналаа хэлж тодорхой үндэслэлийн хүрээнд тус төслийг дэмжихээс татгалзсан шийдвэрийг гаргав.