УИХ-ын Тамгын газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх ажлыг Өмнөговь, Хэнтий, Увс аймаг болон нийслэлийн зарим дүүргүүдэд зохион байгуулж байгаа билээ.
МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш 9 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 4 удаагийнх нь хуулийн хугацааг сунгахтай холбоотой. Хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгасан гол үндэслэл нь иргэдийн газар өмчлөлийн явц удаашралтай буюу 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18,3% нь газар өмчилсөн үзүүлэлт гарчээ. Манай аймгийн хувьд энэ үзүүлэлт 2018 оны жилийн эцсийн байдлаар 28%-тай байгаа нь өмнөх оныхоос 1,5%-аар өссөн ба улсын хэмжээнд 6-р байрт орсон байна.
Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар өссөн дүнгээр 21629 иргэн газар хүссэн өргөдөл гаргаснаас 21553 иргэнд 2265,26 га газрыг нь өмчлүүлсэн ба Хэрлэн сумын хэмжээнд 10880 иргэн 766,89 га газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгээ авчээ. Мөн оны эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 929 насанд хүрээгүй иргэнд газар өмчлүүлсэн, бусад аймгийн иргэд өмчилсөн 292, нийслэлээс иргэд өмчилсөн 216 нэгж талбар газар байдаг тухай мэдээ байна.
Иргэд нийт өмчилж авсан газрынхаа 61%-ийг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж, эзэмшдэг бол үлдэх хувьд ноогдох газар цахилгааны эх үүсвэргүй, ундны усны хангамжгүй, насанд хүрээгүй иргэдийн өмчилсөн болон бусад шалтгааны улмаас цаасан дээрх газар олголтын хэлбэртэй байдаг байна.
УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Ч.Онончимэг, референт М.Мөнхзаяа нар манай аймагт ажиллах үеэр Батноров, Баянхутаг, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэн, Баянмөнх сумдын болон Бэрх, Хэрлэн Баян-Улаан тосгоны газрын даамлууд, багийн Засаг дарга нарыг хамруулж хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг зөвлөлдөж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, албажуулан УИХ-ын Тамгын газарт хүргүүлж ажиллалаа.
Ажлын хэсэг хөтөлбөрийн дагуу иргэд, төрийн албан хаагчид, ажилтнуудаас санал асуулга авсан бөгөөд ОУ-ын аргачлалын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА