Шийдвэр гаргах түвшинд тулгамдсан асуудлаа хүргэх, санаачлага гаргах, оролцох, үг хэлэх, аюулгүй амьдрах эрхээ эдлэх, түгээх, залуучуудын ардчиллын боловсролыг дэмжих зорилго бүхий "Иргэн" төслийг Монгол улсын гавьяат багш Р.Нарангэрэл санаачлан Хэнтий аймагт хэрэгжүүлж байна.
Энэхүү төслөлтэй манай аймгийн БСУГ хамтран ажиллаж байгаа бөгөөд төв, орон нутгийн 11 сургуулийн /Хэрлэн, Баян-Адрага, Өмнөдэлгэр, Норовлин, Баян-Овоо, Баянмөнх, Дадал, Жаргалтхаан/ 12 багийн сурагчид өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлон, холбогдох хуулийг судалж, бодлогын хувилбаруудыг боловсруулан танилцууллаа.
Шалгаруулалтад Тэмүүжин цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын баг тэргүүлж, улсын шалгаруулалтад оролцох эрх авсан бол шилдэг багаар Баян-Адрага /7 дугаар анги/, Өмнөдэлгэр /10 дугаар анги/, Хэрлэн 1 сургууль /10 дугаар анги/ -ууд шалгарлаа.
Хүүхдүүд "Цайны газартай болох, сурагчийн ширээ, сандлын хүрэлцээг сайжруулах, муу ширээ сандлаар хангахгүй байх, урлаг заалтай болох, дунд ангийн сурагчдад үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх, ухаалаг худагтай болох, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулах, Эко жорлонг бий болгох, багш сурагчийн харилцааг эерэг болгох, сэтгэл зүйч ажиллуулах, суурин газрын өнгө үзэмжийг муутгаж, гэмт хэргийн үүр уурхай болж хаягдаж ашигдагддагүй хуучин барилгуудын асуудлыг шийдвэрлэх, цагаан зээрийг хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг санал болгож, шийдлээ танилцуулав. Энэхүү санал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аймаг сумын удирдлагууд ажиллаж, бодит ажил болгох юм.