УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Гутайн даваа орчмын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Онон голын сав газарт хамаарах 6 сумын 3 мянга гаруй иргэдийн ирүүлсэн саналыг хэлэлцүүлж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хуулийн хүрээнд цуцлуулах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Хэлэлцүүлэгт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, байнгын хорооны гишүүд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, орон нутгийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үед анхаарал татсан нэг зүйл бол Гутайн давааны орчмын гүний цэвдэг, Шургадаг, Гутайн гол, зарим булаг шандын зураглал байхгүй, усны тооллогод хамрагдаагүй байдаг тухай яригдсан юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авахуулахаар санал хүргүүлж байсан бөгөөд зарим талын нэхэмжлэлээр эсэргүүцэж, 3 шатны шүүхэд гомдол гарган, асуудал өрнөж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж шүүх үзсэн билээ.