- Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу? Аймгийн ИТХ-ын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдээд хоёр жил гарны хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэдэн удаа хуралдаж, хэдэн тогтоол, шийдвэр гаргасан бэ?
Сайн байцгаана уу. Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан буюу 39 төлөөлөгчийн хуралдааныг 10 удаа хуралдуулсан. Удахгүй 11 дэх хуралдаан болно. Тэргүүлэгчид 60 гаруй удаа хуралдсан. Нийтдээ 170 гаруй тогтоол гарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа. Бид “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026” бодлогын баримт бичгийг боловсруулан гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үндсэн зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 13 дэд хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна.
- Хэнтий аймгийн хурлын байгууллага чиг үүрэгт ажлаасаа гадна нэлээдгүй шинэ санаачилга гаргасан нь ажиглагддаг. Тухайлбал, хүүхдийн парламент, бүтээлч уншлагын уралдаан, Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ, Зохиолч уншигчдын уулзалт, шатар, даамны спортыг дэмжих гэх мэтчилэн оюунлаг дархлааг бий болгох зорилт дэвшүүлж онгой анхаарчээ. Үүний үүдэл санаачилга, явцын талаар ярилцъя? Хүрэх зорилтыг урьдчилан тоймолбол?
Анх биднийг ажил авахад, манай сурган хүмүүжүүлэгч, ахмад багш А.Таравжав гуай монголчууд оюуны хоосролд орлоо. Тиймээс оюунлаг байлгах, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаараарай гэж зөвлөсөн. Урт хугацааны бодлого, төлөвлөлт, ажлын ард үр дүн харагдана. Нийгэмд бугшсан сэтгэлгээний ядуурлыг өргөс аваад эдгэрчих шиг ойлгож болохгүй.
Бид иргэдийнхээ дуу хоолойг сонсох, тулгамдсан асуудлыг нь судлах зорилгоор Хэнтийн мэдээ агентлагтай хамтарч, Хан хэнтийчүүдийн шинэлэг санаа, шинэ шийдэл дэвтрийг 18 сумынхаа 88 багт аялуулсан. Иргэдээс гарсан саналын давхардлыг эмхтгэж үзэхэд 6000 гаруй санал тоологдсон. Энэ саналыг аймгаас гадна сум бүрээр эрэмбэлж, эхний 10 асуудлыг сумдын удирдлагуудад хүргүүлснээр иргэдийн тавьсан асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдэж байна.
Өнгөрсөн жил хүүхдүүдийн дунд “Миний Хэнтий – Мини хурал” хуралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Хэнтий аймгийн хөгжилд хүүхдүүдийн оролцоо эссе бичлэгийн уралдаан зарлаад, сум болгоноос аймгийнхаа хурлын квотын тоогоор 39 хүүхдийг бүрдүүлж, хоёр өдрийн турш хуралдуулахад 41 санал гаргасан. Гарсан саналуудыг холбогдох газрууд, аймаг, сумдын удирдлагуудад хүргүүлж, эхнээсээ үр дүн гарч эхэллээ. Энэ онд бид залуучуудын оролцоо, санал санаачилгад тулгуурласан ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.
- Цаашилбал?
Оюуны чиглэлийн спортыг хөгжүүлэх шийдвэр гаргасан. Айл бүр шатартай байх, өрх бүр шатарчин болох хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний нээлт болгож, бүх сумдад нэгдсэн шатрын тэмцээн нэг өдөр зэрэг эхлүүлсэн. 2170 шатарчин оролцсон байдаг. Зарим байгууллагууд, АА-Нэгжүүд хүлээлгийн танхимдаа шатар, даамтай болж байна. Мөн өсвөрийн шигшээ баг бүрдүүлж, ОУ, гадаад дотоодын тэмцээнд шатарчдаа оролцуулж заншиж байна. Орон нутагтаа улс, бүсийн чанартай тэмцээнүүдийг хийж хэвшлээ. Үүний дүнд аймгийн шатрын холбоо маань улсын тэргүүний шатрын холбоогоор шалгарсан.
Түүнчлэн “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” анхдугаар уралдааныг зохион явууллаа. Эзэн богд Чингис хааны төрөлх нутаг, их хаадын аураг орд, Хар зүрхний хөх нуур, Дэлүүн болдогоос эхлээд баялаг түүхийн сантай Хэнтий нутгийн ард түмэн нууц товчоогоо зайлшгүй мэдэх шаардлагатай. Түүхч На.Сүхбаатар нууц товчоонд гардаг газар нутгийн тавин хувиас илүү нь Хэнтийд бий гэж тэмдэглэсэн. Нөгөөтээгүүр түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлж байгаа учраас хүн бүр түүхээ мэддэг байх ёстой. Энэ жил бид хоёрдугаар уралдааныг насанд хүрэгчид, хүүхдүүдийн дунд зохион байгуулна.
- Зохиолч уншигчдын уулзалт, бүтээлч уншлагын уралдаан талаар тодруулъя?
Онон, Хэрлэн голын сав дагуу олон зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид төрдөг. Тиймээс уран бүтээлчдийнхээ алдрыг мөнхжүүлэх зорилгоор өнгөрсөн жил Хүүхдийн зохиолч Д.Содномдорж гуай, зохиолч Батын Нямаа гуайн 90 насны ой, Цэвэлмаагийн Нэргүй гуайн 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил уянгын өгүүллэг, туужийн нэрт мастер Сэнгийн Эрдэнэ гуайн 90 жилийн ой тохиож байна. Аймгийн ИТХ-аас С.Эрдэнэ гуайн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Тиймээс мэргэн зохиолчдынхоо уран бүтээлийг унших, шүлгийг цээжлэх, цаашлаад Монголын уран зохиол, гадаадын уран зохиолыг шимтэн унших, оюунлаг хэнтийчүүдийг бий болгох зорилгоор бүтээлч уншлагын уралдааныг хагас жилийн хугацаанд зохион байгуулж хэвшиж байна. 2018 онд шилдэг уншигчдаа БНХАУ-ын “Бинхайн нүд” соёлын цогцолбороор аялуулж, урамшуулсан. Хэдхэн хоногийн өмнө хоёрдугаар уралдаанаа зарлалаа. Ирэх 10-р сард дүн нь гарна.
Хэнтий нутгаараа бахархах үүднээс Ц.Нэргүй яруу найрагчийн “Миний Хэнтий” шүлгийг ЕБС-ийн сурагчдаар цээжлүүлэх ажлыг зохион байгуулснаар 24 сургуулийн 11 мянга гаруй сурагчид хамрагдан цээжилсэн.
Мөн эдүгээ цагийн алдартай зохиолчдын урьж, зохиолч, уншигчдын уулзалтыг жилдээ 2-3 удаа зохион байгуулж байна. Сүүлд МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав гуайг урин уулзалт хийлээ. Ер нь монголын залуу хойч үе нийгмийн сүлжээгээр өвчилсөн, ухаан оюунаасаа илүүтэй ухаалаг утсаа шүтэх болсон энэ цагт ном, эрдмээр дархлаажуулах үүргийг бид ухамсарлах ёстой.
- Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Гутайн даваа орчмын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Онон голын сав газарт хамаарах 6 сумын 3 мянга гаруй иргэдийн ирүүлсэн саналыг хэлэлцүүлж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хуулийн хүрээнд цуцлуулах нь зүйтэй гэж үзэн Засгийн газарт саналаа хүргүүлэхээр тогтсон. 2017 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авахуулахаар санал хүргүүлж байсан. Үүн дээр цаад компаниудаас 3 шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн асуудал ямар шатандаа явна. Энэ асуудал цаашдаа хэрхэх бол?
Гутайн давааг ухлаа. Онон Голын дагуу амьдарч байгаа иргэдэд хор уршигтай байна. Ялангуяа олборлож байгаа ашигт малтмалаа цианитаар угаалаа гэсэн гомдлууд Онон голын дагуух сумдын хурлаас аймгийн ИТХ-д ирсэн. Тиймээс аймгийн хурлаар хэлэлцэж, 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах хүсэлт гаргасан. Энэ шийдвэрийг “Пегматит майнинг” ХХК эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхээр бид заргалдсан. Анхан шатны, дээд, хяналтын шатны шүүхээр явж заргалдаад эцэст нь шийдвэр манай талд гарсан. Одоо бид УИХ-ын шийдвэрийг хүлээгээд сууж байна. Саяхан харин УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, УИХ-ын гишүүд маань хэлэлцүүлэг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд оруулах, УИХ-аар хэлэлцүүлэх, Гутайн даваанд ашиглалтын лицензтэй гурван компанийн үйл ажиллагааг цуцлах талаар ярьж эхэллээ. Асуудал нааштай шийдэгдээсэй гэж олон хүн хүлээж байна. Биднээс лавлаж байна. Хурлын байгууллага хийх ёстой ажлаа хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид шүүхээр явж нэлээдгүй зардал гарсан. Шат шатанд нь өмгөөлөгч авдаг. Хотод хурал хийгээд очихоор нөгөө тал хойшлуулж, хуралдаа ирэхгүй. Зардал чирэгдэл учруулна. Үүнийг тэр бүр ард иргэд ойлгодоггүй.
- Танай төрийн мэдээллийн сайтыг сөхөж үзэхэд “Төлөөлөгчийн нэг өдөр” гэсэн онцлог ажил байна. Хэнтий аймгийн ИТХ 39 төлөөлөгчтэй. Төлөөлөгчид тухайн өдрөөрөө юу хийдэг вэ?
Төлөөлөгч бол иргэдээ төлөөлж, шийдвэр гаргах төвшинд ажилладаг. Иргэдийн асуудлыг төрийн шийдвэр болгон гаргах, иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах үүрэгтэй. Иймээс бид тэргүүлэгчдээрээ хуралдаж, сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийг төлөөлөгчийн өдөр болгосон. Өнгөрсөн хугацаанд сумын Хурлууд энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулж чадаагүй учраас энэ жилээс эхлэн Аймгийн ИТХ-ын ажлын алба төлөөлөгчидтэй хамтран төлөөлөгчийн өдрийг сумдад зохион байгуулж байна. Өмнөдэлгэр, Биндэр сумдад зохион байгууллаа. Удахгүй Баянхутаг, Мөрөн суманд зохион байгуулна, улмаар энэ ондоо багтаан бүх сумдаа дуусгана. Гол нь эргэх холбоог бий болгох хурлын төлөөлөгчийг хариуцлагажуулах ажил юм даа. Аймгийн төлөөлөгч болчхоод тойргоо мартчихдаг байдлыг халъя, иргэдтэйгээ ойр байх гэдэг зарчмаар.
- Төлөөлөгчийн ажлыг хэрхэн дүгнэдэг вэ?
Төлөөлөгчийн ажлыг хурлын байгууллага дүгнэхгүй. Жилийн эцэст тайланг нь авч байна. Төлөөлөгчийн сайн, муу ажиллаж буйг иргэд өөрсдөө сонголтоороо дүгнэнэ.
- Хурлын байгууллага 2019 онд хэрхэн ажиллахаар төлөвлөөд байна вэ?
Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөө гарсан. ИТХ жилд 2-3 удаа хуралддаг. Тэргүүлэгчдийн хурлыг сард 2-3 удаа хийнэ. Шаардлагатай үед хэд ч хуралдаж болно. Удахгүй зүүн бүсийн ИТХ-ын байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Хэнтий аймагт болно. Үүний бэлтгэл ажлыг хангаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөнүүдийг зохион байгуулна. “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийг 2019 ондоо үргэлжлүүлэн зохион байгуулж дуусгана. Мөн аймгийнхаа сумдад ИТХ-ын ажлын алба, тойргоос сонгогдсон төлөөлөгчийнхөө хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, ажлаа тайлагнана. Иргэдийн санал, хүсэлтийг сонсоно. Оюунлаг байлгах, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулна.
- Аймгийн ИТХ цаг баримтлалын талаар тогтоол гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Цаг баримтлал Хэнтий аймагт ямар төвшинд байгаа вэ?
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарч төрийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа аливаа хөтөлбөрт ажил, арга хэмжээ, уралдаан тэмцээн, зөвлөгөөн, хурлыг цаг тухайд нь эхлүүлж байя гэж тогтсон. Энэ нь сахилга хариуцлага, нөгөө талаасаа бие биенээ хүндэтгэх зарчим. Би хувьдаа аливаа арга хэмжээний цагийг хатуу баримтлахыг боддог.
Саяхан төрийн үйлчилгээг сумдад хүргэх ажлын хэсгийг ахалж Бэрх, Батноров, Дадал, Норовлин, Баян-Овоо сумдад ажилласан. Эдгээр сумдад цаг баримтлал сайн хэрэгжиж байна. Бид ч цагаа баримталж, сумдыг цагаа баримтлахыг шаардаж ажилласан. Ер нь төрийнхөн өөрсдөө цагаа бариад сурчихвал иргэд цагаа баримтална. Түрүүлж ирсэн нь хохирч, алтан цагаа үрж болохгүй.
ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ ХАМГААС ЧУХАЛ
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг та удирддаг. Танай зөвлөлийн 2018 оны ажил хангалттай сайн дүгнэгдсэн. Өнгөрсөн оны бодитой ажлуудаасаа нэрлээч?
Өнгөрсөн жил ГХУСАЗС зөвлөлд 68 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгаж ажилласан. Үүнийхээ 20 гаруй сая төгрөгийг сумдын салбар зөвлөлүүддээ шилжүүлж, үлдсэн 40-өөд сая төгрөгөөр нь үйл ажиллагаагаа явуулсан. Бид соён гэгээрүүлэх, хууль сурталчлах чиглэлээр голлон анхаарч ажилласан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах зорилгоор Хууль сахиулахын их сургуультай гэрээ байгуулж, Криминологийн судалгааны ажил хийлгэсэн. Энэ судалгааны баримт бичгийг оны өмнө хүлээн авч, ажил хэрэг болгоод явж байна.
Ер нь Хэнтий аймагт гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь хулгайн болон хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг бууруулахын төлөө ажиллаж байна. 2018 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр томоохон зөвлөгөөн зохион байгуулж, жолооч нараа ослоос урьдчилан сэргийлүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг явуулсан. Бүх сумдыг хамруулж, хууль сурталчлах “Дэвжээ тэмцээн”-ийг хоёр үе шаттай зохион байгууллаа.
Мөн Цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодистой тэмцэх тасгуудыг тодорхой хэмжээний техник тоног төхөөрөмжөөр хангасан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
- Энэ жил ГХУСАЗСЗ-д 170 сая төгрөгийн төсөв батлагджээ. Үүгээр ямар онцлогтой ажлууд хийгдэж байгаа вэ?
Энэ жил 170 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн. 70 гаруй сая төгрөгийг нь сумдын салбар зөвлөлд хуваарилсан. Бид зөвлөлийнхөө хурлыг 2 удаа зохион байгуулж, үлдсэн 100-аад сая төгрөгөөр энэ оныхоо ажлыг төлөвлөж, төсвөө хуваарилан ажиллаж байна.
Гэмт хэргийн гаралт нэлээд өсөж байгаа учраас ойрын хугацаанд холбогдох байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 5-р сард Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулна.
- Хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэлээ. 2019 онд нийт хэчнээн ажил хийхээр төлөвлөгдсөн бэ?
9 чиглэлээр 50 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Хууль сурталчлах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллах эрхтэй. Тиймээс энэ чиглэлээр төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллахаар төсвөө хуваарилсан.
- Криминологийн баг авчирч судалгаа хийлгэсэн. Үүний дүн хэрхэн гарав. Үүнд үндэслээд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Судалгаагаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн талаар хэд хэдэн дүгнэлтүүд гарлаа. Тухайлбал, ажилгүйдэл ядуурал, архидан согтуурах явдлаас үүдэн танхайн, гэр бүлийн хүчирхийллийн болон хулгайн сэдэлтэй хэргүүд гарах нөхцөл бүрдэж байна гэж дүгнэсэн.
Салбар зөвлөлийн хувьд дээр дурдсанчлан урьдчилан сэргийлэх хууль сурталчлах ажлуудаа илүү эрчимжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн гэмт хэргийг бууруулах чиглэлээр согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, хараа хяналтыг чангатгаж ажиллах болно. Мөн баяр ёслолыг архигүй тэмдэглүүлэхэд илүү их анхаарах нь үр дүнд хүргэнэ гэж харж байгаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Чингис хотын камержуулалтыг нэмэгдүүлэхээр орон нутгийн төсөвт энэ онд 142,0 сая төгрөг тусгагдсан. Өмнө нь тавигдсан 42 камерийг ажиллагаанд оруулахад ГХУС зөвлөлөөс 5,0 сая төгрөгийн санхүүжилтийг олголоо. Аймгийн ИТХ-аас бүх сум, байгууллагыг камертай болгох чиглэл өгсөн. Энэ ажил хэрэгжиж байна.
- Өнгөрсөн жил хуулийн байгууллагуудад болон гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр бүтээн байгуулалтын ажил багагүй хийсэн. Ямар ямар бүтээн байгуулалт өрнүүлэв?
Цагдаагийн байгууллага улсын төсвийн хоёр тэрбум гаруй төгрөгөөр газрын барилгаа шинээр барьж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Салбар зөвлөлийн хувьд бид 2017 онд аймгийн төсвийн хөрөнгөөр Цэнхэрмандал суманд төв магистрал авто замын дагуу шалган нэвтрүүлэх пост барьсан. ШШГА-нд “Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн барилга баригдсан. Сум болгонд цагдаагийн кабоныг засварлах, шинээр барих зэрэг ажлууд хийсэн. Дадал сумын цагдаагийн кабон гэхэд л 30 сая төгрөгөөр барьсан байдаг.
- Шинээр гарч байгаа хуулиудтай холбоотойгоор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгай улсын хэмжээнд нэлээн нэмэгдсэн байна. Эдгээр төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Гарч байгаа гэмт хэргийн ихэнх нь малын хулгайн гэмт хэрэг байна. Үүнийг иргэд тайлбарлахдаа олон талаас нь тайлбарлаж яриад байна. Үндсэн 4 шалтгаан надад ажиглагдсан. Нэгдүгээрт, 2018 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ялын бодлого суларсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрх ашгийг бус хулгайчийн эрх ашгийг хамгаалсан хууль болсон. Хоёрдугаарт, хуулийн тэгшитгэлээр хорих ангид ял эдэлж байгаа нөхдүүд гарч ирснээр дахин хулгай хийх, хулгайн арга нь нарийсах, нэгдсэн сүлжээнд орох байдал ажиглагдсан. Гуравдугаарт, малын үнэ өссөн. Дөрөвдүгээрт, хяналтын тогтолцоо буюу гарал үүслийн гэрчилгээг хэн олгох нь тодорхойгүй болсон.
Олгож байгаа нь зөвхөн малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ. Түүнийг нь бид орон нутагтаа зохицсон малын гарал үүслийн гэрчилгээ гэж томьёолохоор хуультайгаа зөрчилдсөн. Энэ чиглэлээр ЦЕГ, МХГ-аас байнгын гомдол санал ирээд өнгөрсөн жил хүчингүй болсон. Малын эрүүл мэндийн тухай, малын генетик нөөцийн тухай хууль гарсан. Үүгээр малын гарал үүслийн бичгийг мал эмнэлгийн байгууллага олгоно гээд зүйлчилсэн. Ингэхээр зөрчилдөөд мал эмнэлгийн байцаагч нь малыг нүдээр харж өгөхгүй, цагдаа, багийн дарга нартайгаа хамтарсан хяналтгүй болсон. Хяналтын тогтолцоо муу байгаа учраас бид үүнд анхаарч, Хууль зүй дотоод хэргийн яаманд хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Одоохондоо журам гаргаад шийдэх боломжгүй байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хувьд дийлэнх нь архидан согтуурснаас үүдэлтэй хэвээр байна.
- Ярилцсанд баярлалаа.