Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МУ-ын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төсөлтэй танилцана уу?

2020-02-27

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2020 оны ... дүгээр                                                                                    Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                           хот

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН

НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго 

 

Энэ хуулийн зорилго нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд төрийн ба орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулж оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

 

2 дугаар зүйл.Хуулийн зохицуулах харилцаа

 

2.1.Энэ хуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний чиг үүрэг, орон нутгийн эрхлэх асуудал, эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, зохион байгуулалт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх үндэслэл журам, орон нутгийн үйл хэрэгт оролцох иргэний эрх, оролцоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагын зарчим, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, тэдгээрийг томилох, чөлөөлөх, огцруулах үндэслэл журам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас төрийн болон бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.

 

2.2.Энэ хуулиар тодорхойлсон нийслэлийн чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхээс бусад харилцааг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

 

2.3.Хот, тосгоны өөрийн удирдлагад шилжүүлсэн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

3 дугаар зүйл.Хууль тогтоомж

 

3.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо энэ хуульд заасан зарчим, нийтлэг зохицуулалтыг баримтална.

 

4 дүгээр зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

 

            4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Нийслэл нь аймгийн нутаг дэвсгэрээс тусгайлан заагласан нутаг дэвсгэртэй байна.

 

5 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх зүйн харилцаанд оролцох

 

5.1.Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна.

5.2.Аймаг, сум, нийслэл, дүүрэг иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

 

  5.3.Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүрэг оролцоход түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.

6 дугаар зүйл.Аймаг

6.1.Аймаг нь хуулиар тусгайлан хамааруулсан эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сум хоорондын үйл ажиллагааг зохицуулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж мөн.

 

7 дугаар зүйл.Сум

 

7.1.Сум нь хуульд тусгайлан заасан эдийн засаг, нийгмийн асуудлаар шийдвэр гаргах, хууль, зохих дээд шатны байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, иргэддээ үзүүлэх засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах чиг үүрэг бүхий үндсэн нэгж мөн.

 

8 дугаар зүйл.Баг

 

8.1.Баг нь харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд засаг захиргааны үйлчилгээ үзүүлэх, хууль, зохих дээд шатны байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол иргэдийнхээ амьдралын тодорхой асуудлыг зохицуулах, нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн.

 

8.2.Баг нь аравтын зохион байгуулалттай байна. Аравтын хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурал тогтооно.

 

9 дүгээр зүйл.Нийслэл

 

9.1.Нийслэл нь төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн иргэдэд засаг захиргааны үйлчилгээ үзүүлэх, нийслэл хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хослуулан эрхлэх үүрэгтэй эрх зүйн тусгай зохицуулалт бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн.

 

9.2.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулиар тусгайлан зохицуулна.

 

10 дугаар зүйл.Дүүрэг

 

10.1.Дүүрэг нь хуулиар тусгайлан хамааруулсан эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, өөрийн нутаг дэвсгэрт засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг иргэнд хүргэх чиг үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж мөн.

 

11 дүгээр зүйл.Хороо

 

11.1.Хороо нь харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд засаг захиргааны  үйлчилгээ үзүүлэх, нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн.

 

11.2.Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна. Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан хорооны иргэдийн Нийтийн Хурал тогтооно.

 

12 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим

 

12.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална:

 

12.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;

12.1.2.нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах. Ийнхүү хослуулахдаа төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглах;

 

12.1.3.чиг үүргийг давхардуулахгүй байх;

12.1.4.нэгжийн удирдлагад бүрэн эрх олгохдоо энэ хуулиар тогтоосон нэгж тус бүрийн чиг үүрэгт нийцүүлж ялгаатай хуваарилах;

 

12.1.5.нутгийн өөрийн удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх;

 

12.1.6.нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх;

12.1.7.нутгийн өөрийн удирдлагын тогтолцоонд бие даасан үйл ажиллагаа явуулах;

12.1.8.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх, иргэдийн саналыг харгалздаг байх;

 

12.1.9.ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах;

12.1.10.асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах.

 

13 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр

 13.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн өмч, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн орлогоос бий болсон хуримтлал, тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогод ногдуулсан татвар, төлбөр, хураамжийн орон нутагт ногдох хэсэг, хуулиар тогтоосон бусад албан татвар, төлбөр, хураамж, татварын бус орлого, улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээс бүрдэнэ.

 13.2.Аймаг, сум, нийслэл, дүүрэг төсөвтэй байна. Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

14 дүгээр зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх

 

14.1.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

14.2.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг зөвхөн Засгийн газар санаачилна.

14.3.Багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, уламжлал, эрхлэх аж ахуй, зам харилцааны онцлогийг харгалзан, иргэдийн саналыг үндэслэн сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

 

14.4.Хороог өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөлийг харгалзан, иргэдийн саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

 

14.5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн саналыг авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг Улсын Их Хурал тогтооно.

 

14.6.Ээлжит сонгууль явуулахаас өмнөх нэг жилийн дотор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхгүй.

 

15 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэс, баг, хорооны нутаг дэвсгэрийн зааг

 

15.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

 

15.2.Баг, хорооны нутаг дэвсгэрийн заагийг сум, дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГА

 

Нэгдүгээр дэд бүлэг

Орон нутгийн эрхлэх асуудал, чиг үүрэг

 

16 дугаар зүйл.Орон нутгийн эрхлэх асуудлыг тогтоох зарчим

 

16.1.Орон нутгийн эрхлэх асуудлыг тогтооход дараах зарчмыг баримтална:

 

16.1.1.чиг үүргийг иргэдэд хамгийн ойр нэгжид хуваарилах;

16.1.2.чиг үүрэг хэрэгжүүлэх санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байх;

16.1.3.улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах;

16.1.4.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх.

 

17 дугаар зүйл.Орон нутгийн эрхлэх асуудал

 

17.1.Орон нутгийн эрхлэх асуудалд дараах асуудал хамаарна:

 

17.1.1.тухайн нэгжийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт;

17.1.2.орон нутгийн өмчийн удирдлага;

17.1.3.орон нутгийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан;

17.1.4.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

 

17.1.5.орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт, хяналт;

17.1.6.хүн амын унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

17.1.7.орон нутгийн цэвэрлэх байгууламж, суваг шуудуу;

17.1.8.орон нутгийн зам, гүүр, түүний арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ;

17.1.9.хот суурингийн замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоол;

17.1.10.суурин газрын гэрэлтүүлэг;

17.1.11.оршуулгын үйл ажиллагааны зохицуулалт;

17.1.12.орон нутгийн ногоон байгууламж;

17.1.13.орон нутгийн харьяалалтай биеийн тамир, спортын цогцолбор, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын болон эмнэлгийн барилга, объект;

 

17.1.14.ахуйн хог хаягдлын менежмент;

17.1.15.орон нутгийн чанартай нийтийн тээвэр, такси үйлчилгээ;

17.1.16.орон нутгийн чанартай номын сан, музей, театр, соёлын төв;

17.1.17.хот байгуулалт, барилга архитектурын стандарт, инженерийн шугам сүлжээ;

 

17.1.18.орон нутгийн чанартай аялал жуулчлалын менежмент;

17.1.19.худалдаа, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

17.1.20.орон нутгийн чанартай бэлчээрийн менежмент;

17.1.21.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт, хөшөө дурсгалын байршил;

 

17.1.22.хууль, тогтоомжид заасан бусад асуудал.

 

17.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан асуудлаас гадна Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй.

 

18 дугаар зүйл.Багийн чиг үүрэг

 

18.1.Баг доор дурдсан асуудлаар энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

18.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд засаг захиргааны үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах;

 

18.1.2.хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж, зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах;

 

18.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутаг дэвсгэрийнхээ амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх;

 

18.1.4.улс, аймаг, сумын чанартай асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд багийн хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

18.1.5.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах, зохицуулах;

 

18.1.6.тухайн нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны тэнцвэрт байдалд тавих  хяналтад иргэдийн оролцоог хангах;

 

18.1.7.багийн иргэдээр шийдвэрлүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлсэн асуудал.

 

19 дүгээр зүйл.Сумын чиг үүрэг

 

19.1.Сум доор дурдсан асуудлаар энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

           

19.1.1.сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт;

19.1.2.сумын өмчийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт;

19.1.3.сумын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

19.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

 

19.1.5.сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт;

 

19.1.6.хүн амын унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

19.1.7.сумын нутаг дэвсгэр дэх нуур, гол, цөөрөм, рашаан, булаг шандын ашиглалт, хамгаалалт;

 

19.1.8. сумын цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

19.1.9. хот суурингийн замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоол;

19.1.10.суурин газрын гэрэлтүүлэг;

19.1.11.сумын ногоон байгууламж;

19.1.12.сумын харьяалалтай биеийн тамир, спортын цогцолбор, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын болон эмнэлгийн барилга, объект;

 

19.1.13.энгийн хог хаягдлын менежмент;

19.1.14.орон нутгийн чанартай нийтийн номын сан, музей, соёлын төв;

19.1.15.суурин газрын барилгажилт, инженерийн шугам сүлжээ;

19.1.16.орон нутгийн чанартай аялал жуулчлалын менежмент;

19.1.17.худалдаа, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

19.1.18.орон нутгийн чанартай бэлчээрийн менежмент;

19.1.19.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт;

19.1.20.хөшөө дурсгалын байршил, арчлалт, хамгаалалт;

19.1.21.оршуулгын газрын зохицуулалт;

19.1.22.аймгаас шилжүүлсэн чиг үүрэг;

19.1.23.хууль, тогтоомжид заасан бусад асуудал.

 

20 дугаар зүйл.Аймгийн чиг үүрэг

 

20.1.Аймаг доор дурдсан асуудлаар энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

20.1.1.аймгийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт;

20.1.2.орон нутгийн өмчийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт;

 

20.1.3.аймгийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

20.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

 

20.1.5.Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт;

 

20.1.6.бэлчээрийн зохистой ашиглалт, сум дундын отрын нөөц бэлчээрийн хэмжээ, зааг;  

 

20.1.7.орон нутгийн зам, гүүр, түүний арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ;

20.1.8.сум хоорондын зам харилцааны хөгжил;

20.1.9.орон нутгийн чанартай нийтийн тээвэр, такси үйлчилгээ;

20.1.10.аймгийн чанартай музей, театр;

20.1.11.хот байгуулалт, барилгажилт, инженерийн шугам сүлжээ;

20.1.12.орон нутгийн чанартай аялал жуулчлалын менежмент;

20.1.13.худалдаа, үйлчилгээ;

20.1.14.орон сууц, нийтийн аж ахуй;

20.1.15.орон нутгийн чанартай бэлчээрийн менежмент;

20.1.16.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт, хөшөө дурсгалын байршил, арчлалт;

 

20.1.17.хууль, тогтоомжид заасан бусад асуудал.

21 дүгээр зүйл.Хорооны чиг үүрэг

 

21.1.Хороо доор дурдсан асуудлаар энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

21.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд засаг захиргааны үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах;

 

21.1.2.хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж, зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах;

 

21.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх;

 

21.1.4.улс, нийслэл, дүүргийн чанартай асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хорооны хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

21.1.5.хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн газар зохион байгуулалт, орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тавих  хяналтад иргэдийн оролцоог хангах;

 

21.1.6.хорооны иргэдээр шийдвэрлүүлэхээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлсэн асуудал.

 

22 дугаар зүйл.Дүүргийн чиг үүрэг

 

22.1. Дүүрэг доор дурдсан асуудлаар энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            22.1.1.дүүргийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт;

22.1.2.дүүргийн өмчийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт;

22.1.3.дүүргийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

22.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

 

22.1.5.дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт;

 

22.1.6.хүн амын унд, ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил;

22.1.7.дүүргийн нутаг дэвсгэр дэх нуур, гол, цөөрөм, рашаан, булаг шандын ашиглалт, хамгаалалт;

 

22.1.8.дүүргийн цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

22.1.9.хот суурингийн авто зогсоолын байршил;

22.1.10.дүүргийн доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчилгаа;

 

22.1.11.дүүргийн тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайн тохижуулалт, арчилгаа;

 

22.1.12.дүүргийн нутаг дэвсгэр дэх биеийн тамир, спортын цогцолбор, олон нийтийн амралт, зугаалгын газар, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын болон эмнэлгийн барилга, объект;

 

22.1.13.дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, цэвэрлэгээ, энгийн хог хаягдлын менежмент;

 

22.1.14.дүүргийн номын сан, музей, соёлын төв;

22.1.15.орон нутгийн чанартай аялал жуулчлалын менежмент;

22.1.16.дүүргийн худалдаа, ахуйн болон  орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

 

22.1.17.хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт;

22.1.18.улс, нийслэлийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд дүүргийн хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

22.1.19.дүүргээр шийдвэрлүүлэхээр нийслэлээс шилжүүлсэн асуудал;

22.1.20.хууль, тогтоомжид заасан бусад асуудал.

 

23 дугаар зүйл.Нийслэлийн чиг үүрэг

 

23.1.Нийслэл доор дурдсан асуудлаар энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

23.1.1.нийслэлийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт;

 

23.1.2.нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт;

 

23.1.3.нийслэлийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

23.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

23.1.5.нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт;

 

23.1.6.нийслэлийн хүн амын унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

23.1.7.нийслэлийн нутаг дэвсгэр дэх ой, ургамал, ан амьтан, ус, рашаан, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт;

23.1.8.нийслэлийн дэд бүтцийн хөгжил;

23.1.9.нийтийн тээвэр, такси үйлчилгээ;

23.1.10.барилга, хот байгуулалт;

23.1.11.нийслэлийн аялал жуулчлалын менежмент;

23.1.12.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

23.1.13.соёлын үйлчилгээ, нийтийн биеийн тамир хөгжүүлэх;

23.1.14.худалдаа, ахуйн үйлчилгээг хөгжүүлэх;

23.1.15.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

23.1.16.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт;

23.1.17.оршуулгын газрын зохицуулалт.

 

24 дүгээр зүйл.Чиг үүрэг шилжүүлэх

 

24.1.Төрийн чиг үүргийг хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгжид шилжүүлж болно.

 

24.2.Энэ зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төрийн чиг үүргийг шилжүүлэхдээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэнэ.

 

24.3.Өөр өөр шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төрийн чиг үүргийг шилжүүлэхдээ түүний хүрээ, хязгаарлалтыг ялгамжтай тодорхойлж тайлагнах, хяналт тавих журмыг хууль, гэрээнд тодорхой заана.

 

24.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлж болох чиг үүрэгт дараах чиг үүрэг орно.

 

24.4.1.хөдөлмөр эрхлэлт;

24.4.2.хүн амын шилжилт хөдөлгөөн;

24.4.3.иргэний болон хуулийн этгээдийн бүртгэл;

24.4.4.цэргийн бүртгэл;

24.4.5.мал эмнэлгийн үйлчилгээ, малын үржил, селекц;

24.4.6.татвар, хураамж,төлбөр хураах;

24.4.7.байгаль орчин хамгаалах;

24.4.8.газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар олголт, хяналт;

24.4.9.нийгмийн халамж үйлчилгээ;

24.4.10.хэрэглэгчийн эрхийг хамгаалах;

24.4.11.цахилгаан дулаан хангамж;

24.4.12.шуудангийн үйлчилгээ;

24.4.13.бэлчээр хамгаалах, усжуулах;

24.4.14.эрүүл мэндийн анхан шатны тусламж, түргэн тусламжийн үйлчилгээ;

 

24.4.15.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах;

24.4.16.онцгой байдлын болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа;

 

24.4.17.түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалт.

 

Хоёрдугаар дэд бүлэг

Нутгийн өөрийн удирдлага

 

25 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах ёс

 

25.1.Нутгийн өөрөө удирдах ёс гэж орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага  төлөөллийн; иргэд шууд оролцооны зарчмаар бие даан шийдвэрлэхийг ойлгоно.

 

25.2.Нутгийн өөрийн удирдлагыг нэгжийн иргэдийн Хурал, мөн түүнчлэн иргэд өөрсдөө шууд хэрэгжүүлнэ.

 

26 дугаар зүйл.Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх иргэний эрх

 

26.1.Иргэд Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, арван дөрөвдүгээр зүйл, арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.

 

26.2.Иргэд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох; баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй.

 

27 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэр

 

27.1.Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэд өөрсдөө шууд, эсхүл төлөөллийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

 

27.2.Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурал хэрэгжүүлнэ.

 

27.3.Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно:

 

27.3.1.иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох;

27.3.2.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах.

 

27.3.3.энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу иргэд сайн дураараа цугларч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх, нэг удаагийн эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах.

 

28 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал

 

28.1.Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага байна.

 

28.2.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн  хэлбэр нь хуралдаан байна.

 

28.3.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.

 

28.4.Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.

 

28.5.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах бүрэн эрхтэй байна.

 

28.5.1.Хэлэлцэх асуудал санаачлах;

28.5.2.Асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

28.5.3.Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;

28.5.4.Хурлын хуралдааны даргыг сонгох, чөлөөлөх, түүнд сонгогдох.

 

28.6.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны хүчинтэй байх ирцийн босгыг аравт, хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар баг, хорооны хүн ам, өрхийн тоог харгалзан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэг бүрчлэн тогтооно. 

 

28.7.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:

 

28.7.1.баг, хороонд хамаарах асуудлыг хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол хэлэлцэн шийдвэрлэх;

 

28.7.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

 

28.7.3.Хурлын хуралдааны даргыг сонгох, чөлөөлөх;

28.7.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;

28.7.5.Хурлын шийдвэрийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

 

28.7.6.Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах;

 

28.7.7.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

 

28.7.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

28.8.Багийн иргэдийн Нийтийн хурал энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2, 18.1.3, 18.1.5, 18.1.7-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

28.9.Хорооны иргэдийн Нийтийн Хурал энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.2, 21.1.3, 21.1.5, 21.1.6-д  заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

 

28.10.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь хуралдааны дарга болон аравт, хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хооронд иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийг зохион байгуулж оролцуулах, баг, хорооны иргэдийн амьдралын тулгамдсан асуудлыг судлах, санал боловсруулах, хуралдаанд бэлтгэх үүрэгтэй.   

 

28.11.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга дараах үүрэгтэй:

28.11.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуралдааныг даргалах;

28.11.2.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

28.11.3.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

 

28.11.4.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дараагийн хуралдааныг зарлан хуралдуулах, бэлтгэлийг хангах.

 

28.12.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно.

 

29 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

29.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

 

29.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

 

30 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

 

30.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийг тухайн орон нутагт байнга оршин суугаа  сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.

 

30.2.Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй.

 

30.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

 

31 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

 

31.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

31.1.1.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

31.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;

31.1.3.тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх;

 

31.1.4.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх;

31.1.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

 

31.1.6.тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх;

 

31.1.7.хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих;

 

31.1.8.нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

 

31.1.9.Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;

 

31.1.10.Хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

 

31.1.11.орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

31.1.12.орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;

 

31.1.13.энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

 

31.1.14.Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

31.1.15.Хуульд заасан бусад бүрэн эрх.

 

31.2.Энэ хуулийн 32 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно.

 

32 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ зарим асуудлыг шилжүүлэх

 

32.1.Бүрэн эрхийнхээ зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд; сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал багийн иргэдийн Нийтийн Хуралд; нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд; дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус тус шилжүүлж болно.  Ийнхүү шилжүүлэхдээ тухайн асуудлыг шийдвэрлэхэд баримтлах зарчмыг тодорхойлж болно. 

 

33 дугаар зүйл.Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

 

33.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

 

33.1.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь тухайн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсан бол Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүйн саналаар тухайн Хурал өөрөө тарах шийдвэр гаргана.

 

33.1.2.ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй, хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60-аас дээш хоног өнгөрсөн бол тухайн Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараана.

 

33.2.Бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор зарлана.

34 дүгээр зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо

 

34.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог доор дурдсанаар тогтооно: 

 

34.1.1аймгийн хүн амын тоо нь 60000 хүртэл бол 25;

34.1.2.аймгийн хүн амын тоо нь 60001-80000 хүртэл бол 29;

34.1.3.аймгийн хүн амын тоо нь 80001-100000 хүртэл бол 35;

34.1.4.аймгийн хүн амын тоо нь 100001-ээс дээш бол 41.

 

34.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог доор дурдсанаар тогтооно: 

 

34.2.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

34.2.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;

34.2.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 25;

34.2.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 29.

 

34.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

 

34.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог доор дурдсанаар тогтооно: 

 

34.4.1.дүүргийн хүн амын тоо нь 100000 хүртэл бол 19;

34.4.2.дүүргийн хүн амын тоо нь 100001-200000 хүртэл бол 25;

34.4.3.дүүргийн хүн амын тоо нь 200001 ба түүнээс дээш бол 31.

 

35 дугаар зүйл.Хурлын төлөөлөгч

 

35.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдсон, улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлоос гадуур тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.

 

35.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

 

35.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.

 

35.4.Нөхөн сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

35.5.Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Хурал батална.

 

35.6.Зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаалтан байж болно.

 

36 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг

 

36.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

36.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

36.1.2.Байнгын хороонд харьяалагдах.

36.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;

 

36.1.4.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;

 

36.1.5.Хурлын даргыг сонгох, хорооны бүрэлдэхүүний  талаар санал гаргах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал гаргах;

 

36.1.6.Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх санал гаргах;

 

36.1.7.Хурлын шийдвэрийг сонгогчиддоо тайлбарлан таниулах;

36.1.8.Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих;

 

36.1.9.сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах;

 

36.1.10.үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчиддоо тайлагнах.

 

36.2.Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.

 

36.3.Хурлын төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улс төрийн нам, бусад байгууллага, албан тушаалтан оролцох, нөлөөлөхийг хориглоно.

 

36.4.Хурлын төлөөлөгч нь хуралдааны чөлөөт цагт Хурлын хорооны үйл ажиллагаанд оролцож, төлөөлөгчийн хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Хурлын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр сонгогчиддоо мэдээлнэ.

 

37 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

 

37.1.Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

 

37.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол Засаг даргын харьяа болон үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг, түүнээс санхүүжилт авдаг аливаа байгууллага, бүтцийн нэгжид удирдах ажил, албан тушаал эрхлэх;

 

37.1.2.төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;

 

37.1.3.төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа улс төрийн намын сонгуульт үүрэг хүлээх.

 

38 дүгээр зүйл.Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох

 

38.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

38.1.1.нас барсан;

38.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

38.1.3.хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

 

38.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

 

38.1.5.тухайн орон нутгаас шилжсэн;

38.1.6.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

 

38.1.7.энэ хуулийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн;

38.1.8.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

 

38.1.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

38.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 38.1.2, 38.1.3, 38.1.5, 38.1.6-д заасан тохиолдолд чөлөөлөх, 38.1.4, 38.1.7, 38.1.8-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

38.3.Нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

39 дүгээр зүйл.Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах

 

39.1.Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа, ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхийн саналаар төлөөлөгчийг эгүүлэн татна.

 

39.2.Сонгогчдын саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална. 

 

40 дүгээр зүйл.Хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага

 

40.1.Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас дор дурдсан хариуцлагыг хүлээлгэнэ:

 

40.1.1.сануулах;

40.1.2.хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах;

 

40.1.3.санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тухайн хуралдааны явцад хасах;

 

40.1.4.асуудал оруулах эрхийг тухайн хуралдааны явцад хасах;

40.1.5.санал хураалтад оролцох эрхийг хасах.

 

41 дүгээр зүйл.Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

 

41.1.Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

 

41.2.Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална. 

 

41.3.Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

41.4.Улс төрийн нам, улс төрийн бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно.

 

42 дугаар зүйл.Хурлын байнгын болон түр хороо

42.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий төсвийн болон бусад байнгын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.

42.2.Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно. 

42.3.Хороо тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

42.4.Хурал нь судалгаа, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

42.5.Хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг байгуулах, түр хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтооно.

42.6.Хурал энэ зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт зааснаас бусад хэлбэрээр зохион байгуулалтын бүтэц, нэгж бий болгох, тэдгээрээр дамжуулан үйл ажиллагаагаа зохион байгуулахыг хориглоно.

 

43 дугаар зүйл.Хурлын хуралдаан

 

43.1.Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

 

43.1.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа, иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг жилд нэг удаа хуралдуулна.

 

43.1.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачлагаар хуралдуулна.

43.1.3.иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг Хурлын хуралдааны дарга, Засаг даргын санаачлагаар, эсхүл баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэдийн арваас доошгүй хувь нь санал болгосноор хуралдуулна. Иргэд саналаа гарын үсэг зурах хэлбэрээр илэрхийлнэ.

 

43.1.4.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор, бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.

 

43.1.5.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана. 

 

43.1.6.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

 

43.1.7.хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

 

43.1.8.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.

 

44 дүгээр зүйл.Хуралд асуудал оруулах эрх

 

44.1.Хурлын байнгын хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

 

44.2.Энэ хуулийн 44.1 дэх хэсэгт заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын  хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

 

45 дугаар зүйл.Хурлын тогтоол

45.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

45.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдааныг даргалагч тус тус гарын үсэг зурна.

45.3.Хурлын ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй.

46 дугаар зүйл.Хурлын шийдвэрт хориг тавих

 

46.1.Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн, төрийн бодлоготой зөрчилдсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга өөрийн санаачилгаар, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын даалгаснаар холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй. 

 

46.2.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг нь тодорхой заана.

 

46.3.Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

46.4.Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

 

46.5.Засаг даргыг огцруулах асуудлаар санал гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй. 

 

46.6.Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн эсхүл иргэдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

 

47 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл

47.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, дараагийн хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын Байнгын болон түр хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна.

47.1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэхгүй бөгөөд Хурлын хуралдаан хооронд үйл ажиллагаа явуулна.

47.1.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны төгсгөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг шинээр байгуулна.

47.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.

48 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх

 

48.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

48.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;

 

48.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

48.1.3.Хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

 

48.1.4.эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

 

48.1.5.Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

 

48.1.6.Хурлын нарийн бичгийн даргыг томилуулах саналыг хуралд оруулж шийдвэрлүүлэх;

 

48.1.7.Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

48.1.8.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

 

48.1.9.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

 

48.1.10.тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;

48.1.11.жил бүр Хуралд ажлаа тайлагнах;

48.1.12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

48.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

 

49 дүгээр зүйл.Хурлын даргыг сонгох, огцруулах

 

49.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

 

49.2.Тухайн хуралдаанд оролцсон хамгийн ахмад настай төлөөлөгч Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлнэ.

 

49.3.Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

 

49.4.Хурлын даргыг нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.

 

49.5.Энэ хуулийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.

 

49.6.Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.

 

49.7.Хурлын даргын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан бол огцруулна.

 

50 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

 

50.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна.

50.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Хурал өөрөө тогтооно.

 

50.3.Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байна.

 

51 дүгээр зүйл.Хурлын төсөв, тамга, тэмдэг

 

51.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна.

 

51.2.Энэ хуулийн 51.1 дэх хэсэгт заасан төсөв нь Хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ.

 

51.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

52 дугаар зүйл.Нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэр

 

52.1.Сум, баг, дүүрэг, хороо, аравт, хэсгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй.

 

52.2.Энэ зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан санал, зөвлөмжийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэх үүрэгтэй.

 

52.3.Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэхүү санаачлагыг хууль тогтоомж, дүрэмд заасан тооны бусад иргэд дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд санаачлагыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй.

 

52.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар шаардлагатай гэж үзвэл хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.

 

 

Гуравдугаар дэд бүлэг

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлага

 

53 дугаар зүйл.Засаг дарга, түүнийг томилох

 

53.1.Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатныхаа Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, мөн түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.

 

53.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

 

53.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

 

53.3.1.дээд боловсролтой;

53.3.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

53.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

 

53.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

53.3.5.ялгүй байх.

 

53.4.Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

 

53.4.1.дээд боловсролтой;

53.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

 

53.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

53.4.4.ялгүй байх.

 

53.5.Засаг даргад дараах журмаар нэр дэвшүүлнэ:

 

53.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч нэр дэвшүүлэх санал гаргана.

 

53.5.2.санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

 

53.5.3.санал хураалтаар хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

 

53.6.Энэ зүйлийн 53.5 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга; сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга; аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно.

 

53.7.Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно.

 

53.8.Энэ зүйлийн 53.7 дахь хэсэгт зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд иргэдийн Хурал дахин нэр дэвшүүлэх бөгөөд дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд Засаг даргыг томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

 

53.9.Хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлж, томилох хүртэл Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч томилохыг хориглоно.

 

 54 дүгээр зүйл.Засаг даргын бүрэн эрхийн хугацаа

 

54.1.Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байна.

54.2.энэ зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй.

 

55 дугаар зүйл.Багийн Засаг даргын бүрэн эрх

 

55.1.Багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

55.1.1.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын  шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

55.1.2.багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

55.1.3.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан асуудлаар Хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

 

55.1.4.сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;

 

55.1.5.шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

 

55.1.6.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасан хүрээнд нийгмийн халамж, үйлчилгээ зохион байгуулах;

 

55.1.7.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ажлыг зохион байгуулах,  заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд  зохион  байгуулах;

 

55.1.8.хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх;

 

55.1.9.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;

 

55.1.10.байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;

 

55.1.11.гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

55.1.12.иргэнийг шагнаж урамшуулах, гачигдалтай иргэнд тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналыг сумын  Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх.

 

56 дугаар зүйл.Сумын Засаг даргын бүрэн эрх

 

56.1.Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

56.1.1.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын  шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

56.1.2.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан асуудлаар Хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

 

56.1.3.Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

56.1.4.Сумын төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

 

56.1.5.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн  чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

 

56.1.6.Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах , хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

 

56.1.7.Хууль тогтоомж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

56.1.8.Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу  энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

56.1.9.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх;

 

56.1.10.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 

56.1.11.хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах;

 

56.1.12.байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх;

 

56.1.13.нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

56.1.14.Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах;

 

56.1.15.сумын Засаг даргын олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;

 

56.1.16.хуульд заасан зориулалтаар  эдэлбэр газар олгох;

 

56.1.17.нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сумын Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

 

56.1.18.нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;

 

56.1.19.нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

56.1.20.хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих;

 

56.1.21.гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, хүн хүч дайчлах, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх.

 

56.1.22.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

57 дугаар зүйл.Аймгийн Засаг даргын бүрэн эрх

 

57.1.Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

57.1.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

57.1.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

57.1.3.аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

57.1.4.аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

 

57.1.5.аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

 

57.1.6.аймгийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

 

57.1.7.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан асуудлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

57.1.8.Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан байгуулсан гэрээний дагуу  энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

57.1.9.Хууль тогтоомж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг хариуцах;

 

57.1.10.энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх;

 

57.1.11.хууль тогтоомжид заасан журмын дагуу гадаад улсын зохих шатны нэгжтэй харилцаж, хамтран ажиллах;

 

57.1.12.нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

57.1.13.газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;

 

57.1.14.газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

 

57.1.15.гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох, хүн хүч дайчлах, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах;

 

57.1.16.дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх;

 

57.1.17.тухайн нутаг дэвсгэр дэх шүүх, прокурорын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

57.1.18.аймгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах арга хэмжээ авах;

 

57.1.19.сумдын үйл ажиллагаа төрийн бодлого, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

 

57.1.20.аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах саналыг Засгийн газарт оруулах;

 

57.1.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

58 дугаар зүйл.Хорооны Засаг даргын бүрэн эрх

 

58.1.Хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

58.1.1.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

58.1.2.хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

58.1.3.энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хорооны эдийн засаг нийгмийн амьдралын тодорхой асуудлаар хорооны иргэдийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулах, дүнг нэгтгэн гаргах;

 

58.1.4.энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.1.6-д заасан асуудлаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргах шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа, саналаа иргэдийн Нийтийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх;

 

58.1.5.энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан асуудлаар иргэдийн Нийтийн Хурлаас зохион байгуулж буй  үйл ажиллагаанд хорооны иргэдийн оролцуулах арга хэмжээг зохион байгуулах;

 

58.1.6.улс, нийслэл, дүүргийн чанартай асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хорооны хүн амыг зохион байгуулж оролцуулах;

 

58.1.7.төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг сурталчлах;

 

58.1.8.байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага тавих, биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

 

58.1.9.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасан хүрээнд нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах;

 

58.1.10.хүн амын хүнс, худалдаа, үйлчилгээ, цахилгаан, дулаан хангамжийн зохион байгуулалт, хүртээмжид хяналт тавьж,түүнийг сайжруулах талаар иргэдээс гарсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах;

 

58.1.11.сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;

 

58.1.12.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжид  заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд  зохион  байгуулах;

 

58.1.13.Хуульд заасны дагуу статистикийн мэдээллийг гаргах;

58.1.14.Хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах, цэргийн бүртгэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

 

58.1.15.Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх,  холбогдох байгууллагад уламжлах;

 

58.1.16.Иргэнийг шагнаж урамшуулах, гачигдалтай иргэнд тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлыг дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

 

58.1.17.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;

 

58.1.18.нутаг дэвсгэрийнхээ хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу оролцох;

 

58.1.19.дүүргийн төсөв боловсруулахад хорооны эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлаар санал гаргах;

 

58.1.20.харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдах;

 

58.1.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

59 дүгээр зүйл.Дүүргийн Засаг даргын бүрэн эрх

 

59.1.Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

59.1.1.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

59.1.2.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

59.1.3.дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

59.1.4.дүүргийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

 

59.1.5.дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн  чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

 

59.1.6.дүүргийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, дүүргийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах , хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

 

59.1.7.хууль тогтоомж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

59.1.8.нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу  энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

59.1.9.энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан асуудлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх;

 

59.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 

59.1.11.дүүргийн Татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

59.1.12.дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

 

59.1.13.дүүргийн Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;

 

             59.1.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

60 дугаар зүйл.Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

 

60.1.Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

60.1.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

 

60.1.2.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

60.1.3.нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

 

60.1.4.нийслэлийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

 

60.1.5.нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

 

60.1.6.нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, нийслэлийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

 

60.1.7.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан асуудлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

60.1.8.Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан байгуулсан гэрээний дагуу  энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

 

60.1.9.хууль тогтоомж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг хариуцах;

 

60.1.10.энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх;

 

60.1.11.хууль тогтоомжид заасан журмын дагуу гадаад улсын зохих шатны нэгжтэй харилцаж, хамтран ажиллах;

 

60.1.12.нийслэлийн Татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

60.1.13.нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

 

60.1.14.нийслэлийн Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;

 

60.1.15.нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах саналыг Засгийн газарт оруулах;

 

60.1.16.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

61 дүгээр зүйл.Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

 

61.1.Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

 

61.2.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах тохиолдолд доод шатны Засаг даргыг огцруулна.

 

61.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

 

61.2.2.хууль тогтоомж удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн;

61.2.3.энэ хуулийн 62.1.1, 62.1.2-т заасан үндэслэлээр Хурал санал гаргасан;

61.2.4.энэ хуулийн 62.1.3-т заасан үндэслэлээр.

 

61.3.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 61.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохих шатны Хурлын санал эсхүл өөрийн санаачлагаар Засаг даргыг огцруулах  шийдвэр гаргана. Энэхүү шийдвэрээ тухайн Хуралд Засаг даргыг нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

 

61.4.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 61.1.1, 61.1.2-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналыг үндэслэн Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах үүрэгтэй. Харин Засаг даргыг огцруулах талаарх Хурлын санал үндэслэл эргэлзээтэй байвал дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нь энэ талаарх асуудлаа тухайн Хуралд нэг удаа тавих эрхтэй.

 

61.5.Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

61.6.Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.

 

62 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргад хариуцлага тооцох

 

62.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

 

62.1.1.Хурлын шийдвэрийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж Хурал дүгнэсэн;

 

62.1.2.нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж Хурал дүгнэсэн;

 

62.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.

 

62.2.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 62.1-д заасныг баримтлан тухайн шатны Хурлын санал эсхүл өөрийн санаачилгаар дараах төрлийн хариуцлага оногдуулна:

 

62.2.1.сануулах;

62.2.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар 3 сар хүртэлх хугацаагаар хасах.

 

62.3.Энэхүү хуулийн 61.2-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.

 

63 дугаар зүйл.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх

 

63.1.Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

63.2.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө энэ хуулийн 46 дугаар зүйлд зааснаар тухайн шийдвэрт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

63.3.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Тамгын газар, нутгийн захиргааны агентлагийг оролцуулан зохион байгуулна.

 

63.4.Засаг дарга Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн Хуралд тайлагнана.

 

64 дүгээр зүйл.Засаг даргын шийдвэр

 

64.1.Засаг дарга энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

64.2.Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ тогтоосон акт гаргасан Захиргааны ерөнхий хуульд заасан журмын бүртгүүлнэ.

 

64.3.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.

 

65 дугаар зүйл.Засаг даргын ажлын алба

 

65.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

65.1.1.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;

 

65.1.2.Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;

 

65.1.3.Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

 

65.1.4.хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

 

65.1.5.Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

 

65.1.6.төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

 

65.1.7.тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.

 

65.1.8.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх;

 

65.1.9.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан албан татварыг хураах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.

 

65.2.Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.

 

65.3.Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга томилж, чөлөөлнө.

 

65.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.

 

65.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

 

66 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс

 

66.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бие даан хөгжих дараах эрхийн баталгааг хангана. Үүнд:

 

66.1.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх;

 

66.1.2.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох; 

 

66.1.3.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах эх үүсвэрийг дээд шатны төсвөөс хуваарилуулах; 

 

66.1.4.өөрийн нутаг дэвсгэрийн байгалийн баялагийн үр өгөөж, улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад давуу талдаа түшиглэн хөгжих.

 

66.2.Энэ зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгана. 

 

67 дугаар зүйл.Эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх

 

67.1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт буй болсон дараах орлогын хуулиар тогтоосон тодорхой хэсгийг тухайн орон нутагт нь үлдээнэ:

 

67.1.1.бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээ, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлийг ашигласны орлого;

 

67.1.2.ой, ус, рашаан, ургамал, ан амьтны нөөц ашигласны төлбөр;

67.1.3.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бусад ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

 

67.1.4.улсын чанартай томоохон төслөөс бусад үйлдвэрлэл, үйлчилгээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

 

67.1.5.орон нутагт нь үлдээх бусад албан татварын орлого;

67.1.6.хуульд заасан бусад орлого.

 

68 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн эрх мэдэл

 

68.1 Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна.

68.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн жилийн төсөв нь иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэх, тухайн нэгжийн дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэнэ.  

 

68.3.Сум, дүүргийн төсвийг боловсруулж, батлахдаа харьяалах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг авч, тусгасан байна.  Баг, хорооны үйл ажиллагааны зардлыг харьяалах сум, дүүргийн төсөвт тусгайлан батална.

 

68.4.Орон нутгийн төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

 

69 дүгээр зүйл.Орон нутгийн хөгжлийг дэмжих сан

 

69.1.Сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сантай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг хуулиар тогтооно.

 

69.2.Аймаг, нийслэл нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай байна. Жижиг, дунд үйлдвэрийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг хуулиар тогтооно. 

  

70 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч

 

70.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг тухайн нэгжийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ. Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийн зүйлсийг тухайн нэгжийн өмчид бүртгэнэ.

 

70.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчлөх эрхийг хуулиар хязгаарлаж болно.

70.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч нь нийтийн зориулалттай өмч болон өөрийн өмчөөс бүрдэнэ. Өөрийн өмч нь албан хэрэгцээний болон аж ахуйн зориулалттай байна. Эдгээр өмчийн төрөлд тохирсон онцлог журмыг хуулиар тусгайлан тогтооно.

 

70.4.Аймаг, сум, нийслэл, дүүрэгт хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийтийн, хувийн, холимог өмчийн хуулийн этгээд хамтран оролцож болно.

 

70.5.Орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр үнэт цаас гаргаж болно.

 

70.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн удирдлагыг тухайн нэгжийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхойлсон хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ДЭХ ХОТ, ТОСГОН

 

71 дүгээр зүйл.Хот, тосгоны эрх зүй, эдийн засгийн үндэс

 

71.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутаг дэвсгэртээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгонтой байж болно.

 

71.2.Хот, тосгон нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий, тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хууль, тогтоомж, гэрээгээр шилжүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/ мөн.

 

71.3.Хот, тосгон нь эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бие даан шийдвэрлэх, эдийн засгийн чадавхтай, улсын ба аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс хуваарилсан болон өөрийн эх үүсвэрээр бүрдүүлсэн төсөвтэй байна. Хот нь өөрийн өмч татвартай байх бөгөөд тосгон нь өөрийн өмчтэй байж болно.

 

71.4.Энэ зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт нийцүүлэн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг зохицуулна.

 

72 дугаар зүйл.Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх

 

72.1.Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хот, тосгон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, дэд бүтэц тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

72.2.Хот, тосгонд шилжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгох үүргийг төр хүлээнэ.

 

            72.3.Хот, тосгонд нэгжийн чиг үүргийг шилжүүлэхдээ хотын зэрэглэл, тосгоны ангилалыг харгалзан аймаг, сум, нийслэл, дүүргийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хязгаарлалт тогтоож болно.

 

72.4.Шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээ хязгаар нь хот, тосгоны эдэлбэр газраар тодорхойлогдоно.

 

73 дугаар зүйл.Хот, тосгонд шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг

 

73.1.Улсын зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 18-23 дугаар зүйлд заасан аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ.

 

73.2.Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний үндсэн нэгжид энэ хуулийн 18,19,21,22  дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны зарим чиг үүргийг шилжүүлнэ.

 

73.3.Тосгонд энэ хуулийн 18, 21 дүгээр зүйлд заасан баг, хороо хэрэгжүүлэхээр заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ. Тухайн тосгоны онцлогоос хамаарч тосгонд сум, дүүргийн зарим  чиг үүргийг шилжүүлж болно.

 

73.4.Хуульд тусгайлан заавал энэ зүйлд зааснаас бусад чиг үүргийг хот, тосгонд олгож болно.

 

74 дүгээр зүйл.Төрийн чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх

 

74.1.Хот, тосгонд шилжүүлж болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэгт энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу төрөөс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлсэн чиг үүрэг нэгэн адил хамаарна.

 

75 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага хот, тосгоны удирдлагатай харилцах

 

75.1.Хот, тосгоны өөрийн удирдлага бие даан шийдвэрлэх асуудлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага шийдвэрлэж үл болно.

           

            75.2.Хот, тосгоны удирдлага улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

 

            75.3.Төрийн төв болон орон нутгийн удирдлагын байгууллагаас хот, тосгоны удирдлагатай харилцах асуудлыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

НЭГЖИЙН УДИРДЛАГА БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

 

76 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, яам агентлагтай харилцах

 

76.1.Иргэдийн Хурал энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан, орон нутгийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна.

 

76.2.Иргэдийн Хурал төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар Засгийн газар, холбогдох яам, агентлагийг мэдээллээр байнга хангана.

 

77 дугаар зүйл.Аймгийн Засаг дарга Засгийн газартай харилцах

 

77.1.Аймгийн Засаг дарга Засгийн газартай дор дурдсан журмаар харилцана.

 

77.1.1.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх.

 

77.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл өөрийн саналыг Ерөнхий сайдад уламжлах.

 

77.1.3.нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх.

 

78 дугаар зүйл.Яам, агентлагтай харилцах

 

78.1.Аймгийн Засаг дарга төрийн захиргааны яам, агентлагтай доор дурдсан журмаар харилцана:

 

78.1.1.төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

 

78.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ хамтарсан шийдвэр гаргаж биелэлтийг зохион байгуулах;

 

78.1.3.нутаг дэвсгэрийнхээ хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

 

78.1.4.орон нутгийн хүч, хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;

 

78.1.5.эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлэх.

 

78.2.Яам, агентлаг аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

 

78.3.Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.

79 дүгээр зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын хамтын ажиллагаа

79.1.Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо хоорондоо нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.

 

79.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны явцад аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол харьяалах дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд тус тус шийдвэрлэнэ.

 

80 дугаар зүйл.Засаг дарга иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

 

80.1.Засаг дарга өөрөө эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан харьяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь шалгаж болно.

 

80.2.Засаг дарга хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор харьяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагатай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД

 

81 дүгээр зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааг хуулиар тусгайлан зохицуулах

 

81.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нэгжийн газар зүйн байршил, хүн амын тоо, суурьшил, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, хил хамгаалалт, улсын эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тусгайлан зохицуулж болно.

 

81.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үндэсний болон бүс нутаг, олон улсын эдийн засаг, байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө зэрэг нь эдийн засгийн тодорхой онцлогт харгалзан үзэх нөхцөл болно.

 

81.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн зохицуулах хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна.

 

82 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шийдвэрийг биелүүлэх

 

82.1.Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.

 

82.2.Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.

 

83 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

83.1.Энэ хуулийг 2022 оны 01 сарын 01-нээс эхэлж дагаж мөрдөнө.

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%