16 жилийн турш Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулан хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж, хүүхдэд ээлтэй орон нутгийн төлөө төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын “Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн ажилтнуудын төлөөлөлд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын “Чандмань” одон, Засаг даргын “Хөдөлмөрийн алдар” медаль гардууллаа.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Зөвлөх Т.Идэрцагаан, Засаг даргын Зөвлөх Н.Бямбагэрэл гардуулан өгч, сайн дурын үйл ажиллагаанд сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажилласанд нь талархал илэрхийлээд амжилт хүслээ. Мөн тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Ариунчимэг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр нар оролцлоо.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Монголчууд Монголчууддаа" аяны “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т нэгдэн амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангагдахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын ивээн тэтгэгч болсон.
Дэлхийн Зөн Олон байгууллагын “Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” 2006 оноос эхлэн хэрэгжиж, дүүргийн 13-18 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд тус хөтөлбөрт дүүргийн Ерөнхий боловсролын 6 сургууль, 9 цэцэрлэг хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, 14736 өрх, 10150 хүүхэд, 45850 насанд хүрсэн иргэн төсөлд хамрагдсан байна.
“Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд 56 мянга гаруй иргэнд “Хүүхэд хамгаалал ба боловсрол”, “Нийгэм”, “Өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг дэмжих хөтөлбөр”, “Гамшгийн менежмент болон яаралтай тусламж”, “Орон нутгийн оролцоо ба хүүхэд ивээн тэтгэх”, “Ус орчны эрүүл ахуй” зэрэг нөлөөллийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан хүрч ажиллажээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА