ИРГЭДЭЭСЭЭ СОНГОГДОНО ГЭДЭГ ТОМ ШАЛГУУР
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” хэмээн хуульчилснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинэ үеийн түүх эхэлсэн билээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжлийн 30 жилийн хугацаанд Хэнтий аймагт нийт 8 удаагийн хуралд 223 төлөөлөгч сонгогдон ажиллажээ. Хан Хэнтийчүүдийн нийтлэг эрх ашиг, санал санаачилга, хөгжлийн бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэхээр ИТХ-ын анхны эмэгтэй даргаар сонгогдон ажиллаж буй Гантөмөрийн Хэрлэнчулуунтай уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийг таны хувьд хэрхэн харж байна вэ?
Баярлалаа. Юуны өмнө нутгийн удирдлага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг төлөвшүүлэхэд гар бие оролцон ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн төлөөлөгчид, ажилтан, албан хаагчид та бүхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Яг одоогоос 30 жилийн өмнө Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага анх үүсэн байгуулагдах үед ажиллах хүчин бага, хурлын дарга нь орон тооны бус байсан. Одоо бүх аймгууд 13-15 орон тооны ажилтантай, хурлын дарга, ажлын албаны дарга, Бодлогын болон хяналт шинжилгээ, үнэлгээний хоёр хэлтэстэйгээр ажиллаж, Засгийн газрын түвшинд бүтэц, орон тоог баталдаг болсон. Хурал орон нутгийн түвшинд бодлогын шийдвэр гаргадаг байгууллага байсан бол өнөөдөр хяналтын механизм руу давхар орж байна. Хурлаас гарч байгаа бодлого шийдвэр гүйцэтгэх түвшинд хэрхэн хэрэгжиж байгааг хурлын байгууллага өөрөө эргээд хянадаг болсон зэрэг дэвшилтэт зүйлүүд байгаа.
Арга билэг нийлж оршдог шиг аливаа ажилд алдаа оноо аль аль нь л байдаг. 30 жилийн хугацаанд гарч байсан саад тотгор нь юу байдаг бол оо?
Мэдээж энэ 30 жилийн хөгжлийн явцад алдаа оноотой зүйлүүд бас байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр тэргүүлэгчгүй болгож, төрийн дээд одон медальд тодорхойлж, шагнаж гардуулдаг байсныг аймгийн ЗДТГ руу татан, төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардал, урамшууллыг хаалаа.
Хурлын байгууллагын гол хүч бол төлөөлөгчид юм. Төлөөлөгчдийг төрийн албанд ажиллах нөхцөлийг хаасан. Суманд 30 хүртэл хувь, аймаг нийслэлд төлөөлөгч нар төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжгүй болсон. Бүтэц орон тоо, хууль эрх зүйн хувьд хурлын байгууллага боломжтой болсон бол хурлын байгууллагын гол ажиллах хүч болсон төлөөлөгчдийн ажиллах боломжийг маш ихээр хязгаарлалаа. Хэнтий аймгийн 80000 иргэнийг төлөөлж, тэдний дуу хоолой болж өнөөдөр аймгийн хэмжээнд хэрэгжих дүрэм журмыг баталж гаргаж байгаа хүмүүс шүү дээ.
Тэгвэл хурлын байгууллага иргэн, төр хоёрын холбоос болдгийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
Анх иргэд хурлын төлөөлөгч гэж хэн бэ, төлөөлөгчидтэй бид хэрхэн харьцах ёстой вэ, энэ хүмүүсээр дамжуулж төрийн шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэнэ гэдэг ойлголт хомс байсан. Сүүлийн жилүүдэд төлөөлөгч нар маань жил бүр Төлөөлөгчийн өдөр, Иргэдээ сонсоё зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70562727 иргэдийн санал хүсэлтийг авдаг утас ажиллуулж байна. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт иргэдээ сонсдог өдөртэй болсон зэргээр иргэд, төлөөлөгч хоёрын харилцаа их ойртож байгаа. Тиймээс төлөөлөгч гэдэг хүнээр дамжуулан төрийн шийдвэрт бид өөрсдийнхөө үзэл бодлыг тусгах шаардлага байдаг гэдгийг иргэд ойлгож, давуу талыг хардаг болсон. Түүнчлэн бид төлөөлөгчдийнхөө ажиллах нөхцөл боломжийг хангах, нэгдсэн бодлогоор иргэд, төлөөлөгчдийн хамтын ажиллагааг бий болгох ажлуудыг хийж байгаа. Идэвх санаачилгатай ажилладаг төлөөлөгч нар олон болсон учир нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу юм, төлөөлөгч гэж хэн бэ, төлөөлөгчдөөр дамжуулж бид ямар асуудлыг дэвшүүлж болох уу гэх зэргийг мэддэг, ойлгодог болсон.
Иргэд мэдээлэлгүйгээсээ болоод хурал, төлөөлөгчдөөс хүсэх зүйл, асуудал нь өөр байх нь их ажиглагддаг байсан. Эдгээр өдөрлөг, арга хэмжээний үр дүнд хэр өөрчлөгдсөн бэ?
Төр, иргэн хоёрын мэдээлэл ойр байх тусам ойлголцол бий болдог гэж би боддог. Тийм учраас бид төрөөс явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөрөө иргэддээ маш сайн тайлагнадаг, иргэдийнхээ санал бодлыг маш сайн сонсдог байх хэрэгтэй. Иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргаж байж төрийн гаргасан бодлого шийдвэр хэрэгжинэ. Иргэд хүсэхгүй байгаа шийдвэрийг бид хүчээр гаргавал амьдрал дээр, хөрсөн дээрээ очоод хэрэгжинэ гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас бид иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл дээр тулгуурласан шийдвэрийг гаргах нь хамгийн чухал гэсэн зарчмыг баримталдаг.
Хурлын байгууллагыг өдий зэрэгт хүргэн, орон нутгийнхаа бодлого чиглэлийг тодорхойлон ажиллаж байсан хүмүүсийн ажлын туршлага, арга барилыг та хэрхэн үнэлдэг вэ?
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг 30 жилийн хугацаанд төлөвшүүлж, өнөөдрийн зэрэгт авчрахын төлөө тухайн цаг үед ажиллаж байсан бүх хүмүүсийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг маш их үнэлж, хүндэлдэг. Тиймээс тэр хүмүүсээс сайныг нь ажилдаа тусган, үргэлжлүүлэн авч явах ёстой гэж би боддог. Тэр ч утгаараа 2020 онд хурлын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд үе үеийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нарыг урьж “Уламжлал шинэчлэл” уулзалтыг хийсэн. Тэр үед ковидтой байсан учраас цахим, танхим хоёрыг хослуулж уулзалтаа хийж байлаа. Ажиллаж байх үедээ юуг анхаарч ажиллаж байсан, дэвшилтэт зүйл нь юу байсан бэ гэдгийг хүн тус бүрээр яриулаад, хэвлэл мэдээллээр түгээж, бидэнд хэрэгтэйг нь шингээж, тусгаж авсан дээрээ суурилсан дараа дараагийнхаа үйл ажиллагааг явуулж байгаа гэж ойлгож болно.
ИТХ-ын дарга асан, аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан “Оюунлаг Хэнтийчүүд” болох зорилт дэвшүүлэн, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, туршлага солилцуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулсныг үргэлжлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын гавьяат хуульч, ИТХ-ын дарга асан Д.Дашдорж даргын үед иргэдээ төлөөлсөн төлөөллийн байгууллага, төлөөлөгчийн ажлыг ойлгуулж, сайжруулахын төлөө ажиллаж, Чита муж, Агийн районтай шифийн холбоо тогтоон, төлөөлөгчдийг солилцон ажиллаж байсан зэрэг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зүйлс их бий. ИТХ-ын дарга асан С.Пүрэвжавын үед Хиад боржигоны сүлд болох цагаан шонхор шувууг 1996 онд аймгийн сүлд тэмдэг болгон баталгаажуулж байсан. Мөн хамгийн их хуралдаан болж байсан төдийгүй хамгийн олон иргэд буюу 1000 гаруй иргэд хуралдсан хуралдаанаар иргэдтэйгээ хамтарсан шийдвэрийг гаргаж Чингис хотыг тунхаглан зарлаж байсан гээд олон ажил бий. Ганц орон тоотой байх үед хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баатархуяг сум, аймгийн хурлын дотоод ажлын зохион байгуулалтыг сайжруулах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр өглөө, өдөр, оройн цагийн хуваарь гарган сургуулийн сурагч, иргэд, төсвийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж байсан гээд яриад байвал өөрсдийнхөө ажилд тусгаж авах, одоогийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөн шинэчилж хэрэгжүүлэх их сайхан санаа, туршлагуудыг сонсож, одоо ажил хэрэг болгон үргэлжлүүлэн ажиллаж байгаа зүйлс бий.
Хурлын даргын ажлыг аваад хувь хүнийхээ хувьд онцгой анхаарч, бодож, зорьж хийж, хэрэгжүүлж байгаа зүйлээсээ хуваалцаач?
Энэ ажлыг аваад нэг л зүйлийг эхлүүлсэн. “Нутгийн өөрөө удирдах байгууллага” гэдгийг хүмүүс хэр мэддэг, ямар ойлголттой байдаг талаар гудамж талбай, худалдааны төвүүдээр хэвлэл мэдээллийн ажилтнуудыг явуулж иргэдээс ярилцлага авахуулсан. Тэгэхэд төр иргэний гүүр гэсэн тодорхойлолттой, ярилцлага өгсөн иргэдийн 70 хувь нь тодорхой мэдээлэлгүй байсан. Тиймээс хурлын байгууллага иргэдээ төлөөлсөн, иргэдийн дуу хоолойг үргэлж сонсдог, иргэдийн төлөөлөл энэ байгууллагыг аваад явж байгаа гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. Мөн байгууллага, иргэдийг сегментлээд “Сонсоё, ярилцъя” уулзалтыг эхлүүлсэн. Ширээний ард суугаад даргатай ярилцах, цай уугаад ярих хоёр их өөр байдаг. Хүмүүсийн яриа, хандлага үнэхээр өөр байдаг. Өглөөний цай уунгаа 08.30-09.30 цагийн хооронд уулзаж ярилцдаг. Төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд гээд салбар бүрийн төлөөлөл, ахмадын төлөөлөл, залуучуудын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, хүүхдүүдийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, мөн баг тус бүрээс иргэдийн төлөөллүүд уулзалтад ирж оролцдог. Хүүхдийн асуудлыг хүүхдийн оролцоотойгоор шийдэх, эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор шийдэх, залуучуудын асуудлыг залуучуудтай хамтын оролцоотойгоор шийдэхэд анхаарч ажиллаж байна. Уулзалтын үеэр хувь хувьсгалын асуудал, нийгэмд тулгамдаж байгаа асуудлууд гээд олон зүйл яригддаг. Энэ үеэр би зөвхөн сонсох үүргийг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл өнөөдөр хурлын байгууллага яг энэ чиглэлээр юу хийгээсэй гэж хүсэж байна, мөн иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг сонсдог. Их өргөн цар хүрээтэй яриа өрнөдөг. Уулзалтаас гарсан саналыг төлөвлөгөө болгон боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр төлөөлөгчдийнхөө иргэдийн төлөөлөл гэдэг агуулгыг бүрэн дүүрэн хангуулахын тулд иргэдийг сонсох ажил руу түлхүү оруулж байна. Одоо ковид гайгүй болсон учраас аймаг, сумын хурлын төлөөлөгч нар нэгдэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнан, иргэдээ сонсож ажиллаж байна. Мөн мэдээлэл технологийн хөгжилтэй холбоотойгоор сошиалд хийж байгаа ажлуудаа тайлагнаад байхаар иргэд мэдээлэл сайн авч байна. Саяхан аймгийн ИТХ-аас “Би төлөөлөгч” аяныг зохион байгуулсан. Энэ үеэр төлөөлөгчид маань иргэд рүүгээ чиглэсэн, иргэдийнхээ асуудлыг шийдсэн ажлуудыг хийж нийгэмд мэдээллээ хүргэн, харилцан мэдээллээ солилцож ажиллалаа.
Манай аймгийн анхны эмэгтэй хурлын даргын хувьд иргэдийн хандлагыг хэрхэн мэдэрч байсан бэ?
Улс төрийн албан тушаал эмэгтэй хүнд тийм амар биш. Эмэгтэй хүн улс төрд ямар нэгэн хүний татаас, дэмжлэгээр явдаггүй. Өөрсдийнхөө бор зүрхээр явдаг учраас үнэхээр амаргүй албан тушаал гэж хардаг. Маш олон шалгууртай. Эхлээд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөж эрхээ авна. Эрхээ авчихаад иргэдээсээ сонгогдоно гэдэг дараагийн том шалгуур. Иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээж, зүтгэж, хэлсэндээ байхын төлөө ажиллаж, хөдөлмөрлөх, хувийн бүх ажлаа ардаа орхих гээд зохицуулж, зохион байгуулж хийх зүйлс их байдаг.
Сүүлийн үед манай Хэнтийчүүдийн эмэгтэйчүүддээ итгэх итгэл нэмэгдэж байна. Бидний өмнөх үеийн эмэгтэй удирдагчид хариуцлагатай, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж ажиллаж байсан учраас “эмэгтэйчүүд болж байна шүү” гэсэн иргэдийн итгэл нэмэгдэж байна гэж боддог. Ирээдүйдээ эмэгтэйчүүдэд итгэх итгэлийг ямар байлгах уу гэдэг үүрэг, хариуцлага бидэнд оноогдож байгаа. Эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харах ёстой, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд байх ёстой гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтыг бид өөрсдөө задалж, өөрчлөх ёстой. Анхны хурлын эмэгтэй дарга гэдэг нэг талдаа бахархмаар боловч нөгөө талдаа үүрэг, хариуцлага нь илүү байдаг. Зөв зам мөрийг үлдээхийн тулд их хичээж, нийгмийн бусармаг муу зүйлүүдтэй тэмцэж, хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог.
Хурлын байгууллага хийсэн үйл ажиллагааныхаа үр дүнг хэрхэн үнэлж, тооцдог вэ?
Сүүлийн жилүүдэд үүнд их анхаарал хандуулж байна. Саяхан Засгийн газраас хурлын байгууллагын бүтцийг батлалаа. Бодлогын хэлтэс иргэдээс төлөөлөгчдөөр дамжуулан ирж байгаа нийтлэг эрх ашиг, тулгамдаж байгаа асуудлыг судлан шинжилж, хурлын шийдвэрт тусгана. Харин Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжиж байна уу, үр дүнтэй байна уу гэдэгт үнэлгээ хийх механизмтай болсон. Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулахаас гадна хяналтын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс төсвийн үр ашигтай байдал, хөрөнгө оруулалтыг баталсны дараа тэдгээрийг үр ашигтай зарцуулж байна уу, хөрөнгө оруулалтууд чанартай бүтээн байгуулалт болж чадаж байна уу гэх зэргээр хяналт шалгалтын байгууллагуудтай сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Бид аудитын байгууллагатай хамтарсан аймгийн хэмжээний зөвлөгөөнийг бүх төсвийн захирагч нарт хийж байна. Хязгаарлалттай дүгнэлт авсан, төсвийн хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулж байгаа байгууллагуудад хариуцлага тооцуулахаар тухайн томилсон байгууллагад нь санал хүргүүлж байна. шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод, үр ашигтай, хэмнэлттэй байдал, хөрөнгө оруулалтын чанар, үр дүнтэй байдал зэрэгт ИТХ оролцоод, хянаж, шалгаад ирэхээр үр дүн гарч байна гэж боддог.
Мэдээлэл технологийн өөрчлөлт шинэчлэл, ялангуяа цахим хэрэглээ хурлын байгууллагад хэрхэн нэвтэрч байгаа вэ?
Мэдээлэл технологийн хурдацтай өөрчлөлт явагдаж байна. Өнөөдөр И-монгол, Цахим Хэнтий гээд бүх юм цахим руу ороход хүний ажлыг хөнгөвчлөн, цаг хугацааг хэмнээд, амьдарч буй газрын байршлаас үл хамаараад төрийн үйлчилгээг хурдтай авдаг дэвшилтэт тал байна. Гэвч нөгөө талдаа хүмүүст бухимдал үүсгэж байгаа зүйлс бас бий. Зарим алслагдсан газар, хөдөө нутагт иргэд заримдаа цахимаар мэдээлэл авч чадахгүй бухимдах нь мэр сэр гардаг. Тиймээс иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд сайн мэдээллээр хангаж, ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ шинэ зүйл эхэндээ бэрхшээл, хүндрэлтэй тулгардаг. Цаг үеийн урсгалаар иргэдийн бухимдал багасаж, цахим хэрэглээг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. Цахим хэрэгслүүд маань ч сайжраад явах байх. Хурлын байгууллагаас ч мөн орчин цагтайгаа хөл нийлүүлээд заавал ирж ярихыг чухалчлахгүй байгаа. Цахимаар иргэдийн санал хүсэлтийг авах, эргээд хариу мэдээлэл өгөх, хийж байгаа үйл ажиллагаагаа сошиалаар тайлагнаж мэдээлэх зэргээр өөрчлөлтүүдийг хийж байна.
Цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа. Орон нутгийн шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоо нэмэгдэн, асуудал бэрхшээлээ хамтдаа тодорхойлж, олон нийтийн ашиг сонирхлыг хурлын шийдвэрт тусган хөгжүүлэх бодлого бүр нь хэрэгжиж байх болтугай.