“Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Баян-Адарга, Дадал, Норовлин сумдын нийт 500 гаруй төрийн албан хаагчдын төлөөлөл, иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. Хуулийн төсөлд малчид, тариаланчдын газрын харилцааны асуудлыг тодорхой тусгаагүй, тариаланч, малчдад тэгш үйлчлэх хууль батлахад анхаарахыг хүслээ. Тухайлбал одооны хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд тариалангийн талбайн хашааны гаднах 100 метр /талбай/ эргэлтийн бүсийн хэмжээг хасах, эсвэл багасгах зохицуулалт шаардлагатайг хэлэв.
Мөн нийгмийн даатгалын санг төвлөрүүлж буй даатгуулагч, насаараа даатгал төлж мөнгөө өгсөн иргэд тэтгэвэрт гармагцаа үр шимээ хүртэлгүй удалгүй өөд болж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагчдад ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэйг хэллээ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хэрэгжилтийг хангах талаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн талаар, сумдад ажиллаж буй босоо удирдлагатай төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар асуулт асууж, санал хэллээ.
Уулзалтад оролцсон иргэдэд сумдад тулгарч буй бэрхшээл, цалин, тэтгэвэр тэтгэмж, ХӨАА-н асуудлаар мөн мэдээлэл хүргэж, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймаг орон нутагтай холбоотой асуултад хариулт өгч ажиллалаа.
Норовлин суманд 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр эхлүүлсэн усан хангамж ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил, шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, 2020, 2021 онд эхлүүлсэн “Шихихутаг-Нууц товчоо” аялал жуулчлалын цогцолбор, 400 суудалтай соёлын төвийн барилгын ажил энэ онд ашиглалтад орно. Ингэснээр сумын халуун усны газар ажиллана. Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто зам 2022 оноос эхлэн амжилттай үргэлжилж байна.