Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Стивен Кент, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Аймгийн Засаг даргатай уулзаж төслийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон аймаг орон нутаг, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцов.
Манай улсад төдийгүй аймаг сумдад хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх явдал гардаг бөгөөд үүнийг хууль хяналтын байгууллагад хэн нэгэн хандсанаар ил болдог, гэвч түүний цаана далд хэлбэрээр одоог хүртэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсээр байгааг мартаж болохгүй.
Иймд Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд Хүүхдийн эрхийн хуулв зүйн хорооны гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүсчилсэн сургалтыг өчигдөр буюу 2022.02.21-ний өдөр манай аймагт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун хүүхэд хамгаалах чиглэлээр нилээдгүй үйл ажиллагааг аймаг орон нутгийн удирдлагын түвшинд хийж хэрэгжүүлж ажиллаж байна, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, ГБХЗХГ, Сургуулийн захирал, Нийгмийн ажилтан, хүүхдийн төлөөлөл зэргийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж ажилласан, алдрай бяцхан үрс минь эрүүл саруул, инээж явах боломжыг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид бид л цогцлоох ёстой, Тиймээс Хэнтий аймаг 2022 оныг “Хүүхэд хөгжил- Хамгааллын жил” болгон зарласан гэдгийг дуулгалаа.