Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэд багийн төвийн шинэ байрныхаа нээлтийг сумынхаа удирдлагуудын хамт Төлөөлөгчийн өдөрлөгтэйгээ хамтатган хийлээ.
Баянбадрал багаас сонгогдсон сумын Хурлын Төлөөлөгч Т.Саранцэцэг, М.Төмөрсүх, Н.Амартүвшин, Н.Чиваа нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх зорилго, ажлаа багийн хамт олондоо танилцуулсан бол “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд Хүүхэд багачууддаа зориулан хуучин багийн төвөө тохижуулж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлж, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэн багийн төв дээрээ 30 мод тарьж, цаашид багийн иргэд, аймаг, сумын дэмжлэгээр 300 гаруй улиас тарихаар төлөвлөөд байгаа ажээ.
Төлөөлөгчийн өдөр, багийн шинэ төвийн нээлтэд Аймгийн Хурлын нарийн бичгийн дарга оролцож, Баянбадрал багийн иргэдэд баяр хүргээд, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, эвлэлдэн нэгдэж хамтаараа амжилт олж, багийн төвөө шинээр барьж, тохижуулан, төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хамтын зүтгэл, хөдөлмөрийг үнэлж Аймгийн Хурлын даргаас талархал илэрхийлж, мөнгөн дэмжлэг үзүүлснийг, мөн сумын Төлөөлөгч Т.Саранцэцэгт аймгийн Засаг дарга Жуух бичгээр шагнасныг гардуулан өглөө.
Орон нутгийн төсвийн 55 сая төгрөгийн өртөгтэй боссон, гадна, дотоод тохижилтыг иргэд малчдынхаа хандиваар тохижуулсан шинэхэн багийн төвөө мялааж, эрийн гурван наадам зохион байгууллаа.