Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “СОНСЪЁ- ЯРИЛЦЪЯ” өглөөний цайн уулзалтыг Хэрлэн сумын 5-р багийн 30 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон ярилцлаа.
Уулзалтын эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймаг орон нутгаас гаргаж буй бодлого шийдвэр, тогтоолын хэрэгжилтийн талаар иргэдэд танилцуулан ярилцаж, иргэд ч мэдэхийг хүссэн асуултынхаа хариултыг авч байгаадаа талархаж байв.
Үргэлж ширээний ард суугаад ажлаа явуулах биш Өглөөний 07.30 цагт уулзан иргэдтэйгээ халуун аньс, кофе уунгаа халуун дотно яриа өрнүүлж энгийн ажлаа явуулж байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байсан юм.
Иргэд: Хогны асуудал хүнд байна, Дэд бүтэц явагдаж карьер үүсч, түүнд хог хаягдал ихээр хаяж байна, Баг дээр ногоон автобус явахгүй байна, хүүхэд багачуудаас эхлээд өндөр настай бидэнд автобус хэрэгтэй байна, явуулж өгөхийг хүсч байна, Багийн Өрхийн эрүүл мэндийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ажиллахгүй байна, тухайн нутаг дэвсгэрт байрлах зарим дэлгүүрүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа борлуулж байна зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: “Та бүхнийхээ дэвшүүлсэн асуудлыг холбогдох албан газруудад хүргэж, эргэн мэдээлэл өгөх болно. Юун түрүүнд Иргэдийн оролцоо, иргэдийн хяналтыг сайжруулах нь маш чухал байна, Залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлж, тэдний дуу хоолой үзэл бодлыг сонсох шаардлагатай, хурал цуглаан уулзалт болоход багийн хэдэн ахмадууд маань л ирээд сууж байдаг нь нууц биш. Залуус ирж аймаг орон нутгаа хөгжүүлхэд юу хийх нь чухал байна вэ гэдэг үзэл бодол, дуу хоолойгоо нээлттэй илэрхийлж байх ёстой болов уу. Залуусын нүдээр Аймаг орон нутгийн удирдлагууд бид ажил хэрэгтээ хэрэгжүүлэн авч ажиллах ёстой гэж бодож байна.” гэлээ.