Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Д.ДАШДОРЖ: ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД АРД ИРГЭДЭЭ АРДЧИЛАЛД СУРГАЖ ЧАДСАН...

2023-10-19

 

1990 онд намайг Норовлин суманд Нэгдлийн даргаар 5 жил ажиллаад Хэнтий аймагт ирэхэд минь аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны гишүүнээр сонгон Хэрэг эрхлэх хэлтсийн даргаар томилон ажиллуулсан юм.

Мөн 1993 онд аймгийн Монгол ардын намын хорооны товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байх үед Шүүхийн тухай шинэчилсэн хуулийн дагуу дотоод зохион байгуулалт өөрчлөгдөн Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын журмаар Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газрын даргаар томилж, 8 жил гаруй ажиллаж байх үед Аймгийн МАН-ын хорооны бага хурал 2000 оны 2-дугаар сард болж Намын хорооны даргаар сонгогдон ажиллаж, тухайн жил УИХ, орон нутгийн сонгууль явагдах байсан тул ялагдсан нам сонгуульд бэлтгэх гэж ихээхэн бэрхшээлийг туулж байж билээ.

Ингээд 2000 оны 10 дугаар сард УИХ-ын болон орон нутгийн сонгууль болж МАН-д ард түмэн 72 суудал өгч, аймагт ч үнэмлэхүй олонхийн санал авч би ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон юм.

Ингэж би ИТХ-ын дарга, МАН-ын хорооны даргын албан тушаалыг давхар хашиж хариуцлагатай ажиллах шаардлага гарсан юм.

Энэ 30 жилд аймаг, сумынхаа хөгжил дэвшлийн төлөө иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож НӨУБ-ыг төлөвшүүлэх, иргэдээ ардчлалын оролцоонд сургах үйл ажиллагаанд зүтгэж нилээдгүй үр дүнд хүргэсэн үе үеийн иргэдийн Төлөөлөгчид, Сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын түүхт 30 жилийн ойн баяр хүргэж ажил амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Тэр үеийн ИТХ-ын үйл ажиллагааны гол баялаг бол зах зээлийн харилцаат нийгмийн холбогдлыг сурталчлах, ойлгуулах, ардчилалд суралцах гэж юу болох талаар өргөн ажил өрнүүлж байсан юм.

Тухайн үеийн төр захиргаанаас ард иргэддээ ямар эрх чөлөө боломж олгож байгааг онцлон мэдээллэх явдал байлаа. Жишээ нь: Үндэсний үзэл сургаж, Их эзэн Чингис хаанаа дээдлэх, бурхан тахилаа ил тод шүтэх, иргэддээ газар үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх, улсын орон сууцыг үнэгүй хувьчлах, мал сүргээ малчдад хувьчлах, гадаадад чөлөөтэй зорчих, амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх өмчтэй болох, үзэл бодлын сонирхолоороо эвлэлдэн нэгдэх, хэвлэл, урлаг, уран сайхан утга зохиолд хяналт тавихгүй болох, иргэн бүр сонгох, сонгогдох, хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж нөхөн олговор олгох зэрэг шийдвэрүүдийг олон хэлбэрээр сурталчилж батлав. Иргэд маань сайхан цаг ирэх нь гэж итгэж дэмжиж байгаа нь илт мэдрэгдэж байсан билээ.

Манай төр засаг ардчилсан орнуудын нийтлэг жишгээр засгийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төр захиргааны байгууллагуудын хараат бус харьцангуй тогтвортой байдлыг хангах тогтолцоо механизмыг бүрдүүлэх эрхзүйн үндэс тавигдсан болохоор дээр дурьдсан зохицуулалт боломжуудыг үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсаар байсан билээ.

УИХ, орон нутгийн 3 дахь удаагийн сонгууль 2000 онд шууд нууц зарчмаар болж Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч 30, сумын ИТХ-ын төлөөлөгч 335 сонгогдож 242 МАН, 65 Ардчилсан холбоо эвсэл, 18 нь МАСШН, нам  бус 10 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байсан.

ИТХ-ын нарийн бичгийн даргаар барилгын инженер, нийгмийн салбарын шилдэг ажилтан Г.Гантогоог баталж ажиллуулсан нь Хурлын байгууллагын төлөвлөлтийн ажилд ахиц олох, ажлаа түргэн сурч бүхий л ажлыг санаачлан зохион байгуулдаг шилдэг ажилтан байсныг НӨУБ-ын 30 жилийн ойн энэ мөчид тусгайлан дурсан бахархаж сууна.

2000-2004 онд Улс орны хэмжээнд төсвийн байгууллагууд цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй, хөрөнгө оруулалт бараг байхгүй, төсвийн байгууллагууд өрийн сүлжээнд орсон иргэд бухимдалтай бэрхшээлтэй үе байсан.

Гэвч 2000-2005 онууд бол Их эзэн Чингис хааны мэндэлсний 840 жил Хэнтий аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой угтсан олон талт гэгээлэг ажил өрнүүлсний үр дүнд иргэдийн сэтгэл санаа, идэвхи өрнөсөн, хүмүүс их ойнууд угтсан ажилд идэвхитэй оролцсон сэтгэлийн тэмүүлэлтэй он жилүүд байсан.

Аймгийн ИТХ, Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүн амын нийгмийн хамгаалал, амьдралын чанарыг сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах дэд бүтэц, үйлдвэрлэл, эдийн засаг санхүүд өсөлт гаргах, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, нийгмийн салбарыг барилгажуулах, боловсон хүчнийг бэлтгэх чадваржуулах зорилтоо тусган хэрэгжилтийг хянах тооцох мастер төлөвлөгөө батлан мөрдүүлж хяналтыг тогтмолжуулан сар тутам үнэлгээ өгч ажилласанаар 2002 оны эцэс 2003 оны эхээр сайн үр дүн боломжийн үзүүлэлтүүд гарч аймгийн ажил сайжрах  гольдролдоо орж тэр ондоо Хэнтий аймаг шилдэг аймгийн үзүүлэлтээр шалгарч 2003 онд Засгийн газрын шагнал хүртэж байлаа.

ИТХ-ын тэргүүлэгч М.Очирпүрэв ахлагчтай ажлын хэсэг төсөв хэлэлцэх, төсвийн зарцуулалтын талаар тодорхой санал дэвшүүлж, хяналтыг сайжруулан үр дүнд хүргэж байсан юм.

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Оросын холбооны Улсад нийгмийн ухааны мэргэжлээр Их сургууль төгссөн Алаг барс компаний захирал Ч.Эрдэнэ-баатарыг Аймгийн МАН-ын хорооны хурлаар Засаг даргад нэр дэвшүүлсэн юм.

Аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын зөв тооцсон олон алхмууд эдийн засаг, санхүүгийн нарийн тооцоо судалгаатай байж, нарийвчилсан углуургатай шийдвэрүүд нь санхүү эдийн засгийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн гэдгийг өнөөдөр бахархан тэмдэглэх учиртай юм.

Ч.Эрдэнэбаатар 2 удаа сонгогдож 8 жил ажиллахдаа санхүү эдийн засгийн үзүүлэлтээр 2 удаа шилдэг аймгаар шалгарч байсан сайн Засаг дарга байлаа.

Хэнтий аймгийн цахилгаанжилтын нэгдсэн системд холбох, хатуу хучилттай замаар Нийслэлтэй холбох, соёл эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийх зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд 2000 оноос Хэнтий аймагт УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Ганбямба, Д.Арвин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар аймгийн хөгжлийг төрийн бодлогод тусгуулах талаар сайн ажилласныг онцлон тэмдэглэх ёстой.

Аймгийн ИТХ, сумдын хурлын дарга, ажилтан, иргэдийн төлөөлөгч нарыг удаа дараа сургалтад хамруулж ярилцлага зохиох, зөвөлгөө өгөх, онол практикын хуралд оролцуулах зэргээр ардчилалд сургах талаар жил бүр ойр дотно ажилласан.

Аймгийн ИТХ-ын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн талаар хэвлэгдсэн сонин, сэтгүүл, номны ямар дугаар хуудсанд байгааг нийтэлсэн. “ИТХ-ын бүрэн эрх” хэмээх товхимол хэвлүүлж сумдад хүргүүлэхэд бидэнд их тус боллоо гэж сайшаан талархаж байж билээ.

Аймгийн ИТХ,  сумдын ИТХ-ын дарга ажилтнууд, иргэдийн төлөөлөгч нар Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Нийслэлийн зарим дүүргийн Хурлын ажлын алба судлуулж, улмаар дээрх аймгууд ба сумын ажилтан төлөөлөгч нарыг ирүүлэн туршлага солилцох, ажил хэргээ ярилцах хэлбэрийг дөрвөн удаа зохион байгуулж байсан маань үр дүнгээ өгч байсан. Өмнөх нийгмээс үлдсэн дадаж сурсан захиргаадалтын аргаас амар салахгүй байсан.

Иргэдийг төрийн хэрэгт оролцуулах, санал санаачлагыг нь авах асуудалд хойрго хандах ач холбогдол өгөхгүй явдал нилээд гарч байсан. Түүнийг засахын төлөө ажил өрнүүлдэг байлаа шүү дээ.

Аймаг сумдад “Иргэний танхим” ажиллах болсон нь үр дүнгээ өгсөөр байна.

Иргэдийн хамгийн олон санал авсан тулгамдаж байгаа асуудлыг эрэмбэлэн хэрэгжүүлж байгаа нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж өгч байсан.

Одоо НӨУБ-ын 30 жилийн ойн энэ үед Монгол түмэн Хан Хэнтийн ард иргэд ардчилсан зарчимд сайн суралцсан үе мөн гэж үзэж болно.

·         Ардчилал бол – Хамтын шийдвэр гэдгийг ойлгосон

·         Ардчилал бол – Олон түмний оролцоон дээр тулгуурлана гэдгээ ойлгосон

·         Ардчилал бол – Бусдыг хүндэтгэж байх зарчимтайг ойлгож байгаа

·         Нийгэм ардчилсан замаар хөгжиж байгаа юм бол иргэд бидний оролцоо санал, санаан дээр тулгуурлах ёстойг шууд ярьж хэлдэг болсон.

·          Ардчилалд – Иргэн бүр идэвхитэй оролцож байж үр дүнд хүрэхийг ойлгуулах олон талт ажил зохиохыг иргэд шаарддаг болсон.

·         НӨУБ-ын (ИТХ-н) боловсон хүчний эрх мэдлийг өргөтгөх, Засаг дарга, ЗДТГазар, орон нутгийн хуралд үйлчилж жинхэнэ гүйцэтгэх эрх мэдлийн мэргэжлийн түвшинд болгоход их анхаарах хэрэгтэй байна.

·         НӨУБайгууллагууд нь жинхэнэ тухайн нутгийн эзэн нь болэ орон нутгийн парламент болох ирээдүй байх учиртай бизээ.

Гадаадын хэвлэл мэдээллийнхэн ажиглалт, тандалт, тусгай үүрэгтэйгээр ажилладагыг хүмүүс бидний амьдрал дунд судалж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (дэлхийн Энхтайваны дарга) Монгол хүмүүс ардчилалд сайн суралцаж байгаа тухай мэдээллэж тэр том дарга “Азийн Монгол Улс ба дэлхийн ардчилсан Баянбулаг” мөн байна гээд дэлхийд зарлаж Монгол түмний нэр төрийг их өргөнө шүү дээ.

Бид ардчилалд улам сайн суралцахын төлөө сайн ажиллах хэрэгтэй.

·         Иргэдэд аймаг, сум, багаа хөгжүүлэх нийгмийн мэдлэг олгох талаар тасралтгүй ажил өрнүүлэх шаардлагатай байна.

·         Хүмүүс их хуралд сонгогдохдоо худал юм амлаж болохгүй боллоо. Харин зөвхөн шийдвэр гаргах таслах эрх мэдлийг надад өгнө үү гэсэн байдлаар хандаж сурталчилгаагаа хийх нь зөв болох талтай болж байна.

·         Удирдах хүн дарга гэдгээр араншинтай биш зөвлөгч, туслагч, манлайлагч гэсэн төрх байдлаар аливаа асуудалд ханддаг болж байна. 

ХҮНДЭТГЭСЭН: Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан,

МАН-ын хорооны дарга асан, МУ-ын гавьяат хуульч Д.ДАШДОРЖ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%