Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт өрнүүлэх санаачлагыг дэмжиж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гарган, бодлого үйл ажиллагаагаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор малчнаас дундын зуучлалгүйгээр хэрэглэгчийн гарт шууд хүргэх, худалдах, худалдан авах харилцааг үүсгэх үүднээс Өвлийн идэш нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар 9 сумаас ирж оролцож байгаа ба үхрийн мах 10000, хонь, ямааны мах 7000 төгрөгний хооронд худалдааглагдаж байна.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар олон хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 40 иргэдэд хонины гулууз мах гардуулан өглөө.
Бид “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөртэй нягт холбоотой үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр ойрын 5 жилд дотоодын хүнсний хэрэгцээг бүрэн хангана гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
Өвлийн идэш-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар аймгийн төвийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, айл өрхийн өвлийн идэш бэлтгэх, нөөцлөх, ченжийн гар дамжуулахгүйгээр шууд малчдын гараас худалдан авах боломжийг бүрдүүлэх, шинэ болон уламжлалт технологи, өрсөлдөх чадвар бүхий нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санаачилгыг өрсөлдүүлэн шилдэг брендийг шалгаруулж, дотоод гадаадын зах зээлд нэвтрүүлэх, орон нутгийн шилдэг бренд нэрийн бүтээгдэхүүнтэй болоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хөрс, Хүнс, Хүн гурав хүйн холбоотой, хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол Хүн эрүүл байна.