Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"D-Parliament" болон "D-ӨРГӨДӨЛ" - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ

2024-06-07

 
Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан.
Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.
Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.
Санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцан ажиллах бөгөөд санал авах үйл ажиллагааны үр дүнг ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор харъяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлнэ.
Иргэний гаргасан нийтийн өргөдлийг хүлээн авах харилцааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-аар зохицуулах бөгөөд энэ журмын 2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” гэж заасан байдаг.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%