
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСАГТ НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өнөөдөр /2025.05.24/аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Түмэнжаргал нар Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нэн шаардлагатай байсан суурин зориулалттай нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө.

Тус аппарат нь амьсгалын архаг дутагдал, уушгины архаг өвчтэй, хүнд хэлбэрийн амьсгалын дутмагшилтай нярайд амьсгалын дэмжлэг үзүүлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах, амь насыг аврах чухал ач холбогдолтой төхөөрөмж юм. Түүнчлэн хүчилтөрөгчийн дутагдал, уушгины үрэвсэл, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын төвийн дарангуйлал зэрэг нөхцөл байдалд ашиглагдана.

Мөн олон төрлийн амьсгалын горимтой, даралт, эзлэхүүн зэргийг нарийн тохируулах боломжтой, өндөр мэдрэмжтэй дэлгэц, автомат тохируулгын систем бүхий орчин үеийн дэвшилтэт шийдэлтэйгээрээ онцлог юм.
Тус төхөөрөмжийг 99.308.000 төгрөгөөр “Биомед Трейд” ХХК нийлүүлсэн байна.

Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон хэлэхдээ: Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, чанарыг сайжруулах нь орон нутгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийллээ.




