

БНСУ-ЫН ЧОРВОН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Өнөөдөр /2025.06.13/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Чорвон хотын дарга Хюнжон Ли тэргүүтэй албаны төлөөлөгчид Хэнтий аймагт албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Чорвон хотын төлөөлөгчид, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргал, ЗДТГ-ын дарга А.Жаргалсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон бусад албаныхантай уулзалт хийлээ.

Чорвон хот нь 40 мянган хүн амтай, байгалийн өвөрмөц тогтоцтой, БНСУ, БНАСАУ 2 улсын хилийн бүс болох цэрэггүй бүс нутагт оршдог бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталдаг байна.

Уулзалтын үеэр Монгол-Солонгосын хамтын ажиллагааны түүхэн хөгжил, Монголын “Үндэсний Ногоон Хөгжлийн Бодлого” болон Солонгосын “Ногоон Шинэ Хөгжлийн Бодлого”-ын хүрээнд мэдээлэл солилцож, Хэнтий аймаг, Чорвон хотын эдийн засаг, байгаль орчны талаар танилцуулга мэдээлэл хийж, хоёр талын байгаль орчны нөхцөл, аялал жуулчлал, эдийн засгийн боломжуудын талаар санал солилцлоо.

Байгаль хамгаалал, байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд зэрлэг амьтан болон тогоруу хамгаалал, ховордсон зүйлүүдийн судалгаа хийх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр

Соёлын солилцоо, өв соёлын хамгаалалтын хүрээнд Монголын нүүдэлчин ахуй соёл болон Чорвон хотын газар тариалангийн өв уламжлалыг харуулах, соёлын салбарын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх

Бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт технологи нэмэгдүүлэх, Чорвон хотын газар тариалангийн үр ашигтай, ухаалаг арга барилыг орон нутагтаа нэвтрүүлэх

Цаашид хамтын ажиллагаа, албаны хэлэлцээг тогтвортой хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой алхмуудыг ярилцсан байна.

Энэхүү айлчлал нь хоёр орны орон нутгийн түвшний харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА













