
ХЭНТИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД “МЕТАГРО” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Цогт-Орших тэргүүтэй төлөөлөгчид “М-Си-Эс” группийн хөрөнгө оруулалттай “Метагро” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Уг компани нь 2021 онд байгуулагдсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулсан цогц төсөл хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:

Үхэр бордох аж ахуй

Тэжээлийн үйлдвэрлэл

Зохиомол хээлтүүлэг

Мал төхөөрөх үйлдвэр

100 га талбайг хамарсан усалгааны систем

Ухаалаг газар тариалан

Маркетинг, борлуулалт, түгээлтийн төв

Хог хаягдлыг бууруулах цэг

Тус компанийн усалгааны систем нь 9000 м³ багтаамжтай хиймэл нуураас усаа татдаг бөгөөд газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн байгаль орчны хамгааллыг чухалчилж, 80 км ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 20 км нь аль хэдийн хэрэгжээд байна.

Ажилчдын ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор “Гардэн Кэмп” хэмээх цогц орчинд жимс, хүнсний ногоо болон гоёлын мод сөөгийг тарьж, тохижуулалт хийж байгаа нь онцлог юм.

Орон нутгийн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд Метагро ХХК нь Хэнтий аймгийн иргэдийг ажлын байраар хангахыг зорьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанид ажиллаж буй 131 хүний 67.1 хувь буюу 88 нь нутгийн иргэд байна. Үүнээс гадна 2021 оноос хойш нийт 10,300 үхэр худалдан авсан бөгөөд тэдгээрийн 57 хувь буюу 5,747 үхрийг Хэнтий аймгийн 385 малчин өрхөөс худалдан авчээ.

Аймгийн удирдлагууд компанийн үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгч, цаашид орон нутгийн хөгжилд хамтран ажиллах боломжуудыг дэмжих, малчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА




















