МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмний төрт ёс, түүх соёлын өлгий эзэн богд Чингис хааны эх нутаг Хэнтий аймгийнхаа айл өрх бүрд, ард иргэд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 102 жилийн ойгоо Хэнтий нутгийн зон олон бид эв эеийг эрхэмлэн, эх орон, нутаг ус, соёл уламжлалаа дээдлэн угтаж байна.
2024 оны 9 дэх удаагийн Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хан Хэнтий нутгийнхаа нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэндээ ээлтэй, шударга, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн бодит үр дүнд хүрэхийн төлөө хамтын шийдвэрээ хариуцлагатайгаар гаргаж, иргэдийн оролцоонд тулгуурласан төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Эв нэгдэл, итгэл зүтгэлээрээ хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж буй Хэнтийчүүд та бүхний оролцоо, дэмжлэг бол Нутгийн өөрөө удирдах байгууллагын үнэт баялаг, хөдөлгөгч хүч нь юм.
Өнө эртнээс уламжлагдан ирсэн, монгол түмний дархлаа болсон, түүх соёл, хийморь цог жавхааг илтгэсэн цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадамдаа та бүхэн минь сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн сайхан наадаарай. 





АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ЦОГТ-ОРШИХ