"ЁОХОР ХАТАР 2025" НААДАМ БАТШИРЭЭТ СУМАНД ӨРГӨН ДЭЛГЭР ЭХЭЛЛЭЭ.

Хан Хэнтий нутгийн түүх, соёлын үнэт өвийг дэлгэрүүлэн таниулах, Буряад ардын “Ёохор” хатар бүжгийг өвлүүлэн үлдээх зорилготой “Ёохор хатар-2025” наадам Хэнтий аймгийн Батширээт суманд ёслол төгөлдөр эхэллээ.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа “Парад ёслол”-оор эхэлж, “Хориод мэргэний домог”,“Зонойн наадан”, “Ёохор ПЛАШ МОБ” зэрэг соёлын олон талт үзүүлбэрүүдийг АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид болон орон нутгийн авьяастнууд, хүүхэд багачууд толилууллаа.

Энэхүү наадамд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн МУ-ын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Батширээт сумын Засаг дарга Б.Алтангэрэл, Батширээт сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Нямсүрэнгийн Ням-Осор, Батширээт сумын Нутгийн Зөвлөлийн тэргүүн Ш.Дэнсмаа, Батширээт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Батширээт хөгжил сангийн тэргүүн, Ёохор наадмыг санаачлагч Ч.Ганхуяг, МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суух өргөмжит Консул Д.Болд, МУ-ын тэргүүн шадар сайдын зөвлөх Г.Дашням, ССАЖЗЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Золбоо, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын Соёлын биет бус өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон болон түүх, соёл, урлагийн салбарын хүндэт зочид, судлаачид, уран бүтээлчид оролцож үг хэлэн, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хэлсэн үгэндээ: "Энэ наадмыг зөвхөн орон нутгийнхаа хэмжээнд бус, үндэсний хэмжээний соёлын арга хэмжээ болгон өргөжүүлж, цаашлаад олон улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлнэ" хэмээн онцлов.

Мөн наадмын хүрээнд Буриадын түүх, аялга, уран уншлага, бүжиг, дуу хөгжмийн төрөлд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Агын тойргийн Дульдарга аймаг, МУ-ын Сэлэнгэ, Дорнод, Сүхбатаар, Хэнтий зэрэг олон аймгаас хүрэлцэн ирсэн хамтлаг, оролцогчид уран бүтээлээрээ өрсөлдөхөөр цугларчээ.
Тус наадмыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Батширээт сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулж байна.
Ёохор хатар 2025 наадам 2 өдөр үргэлжилнэ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
























