Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2026-02

2026-03-20

Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2026-02

 
 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай

Дугаар: 2026/02

Огноо: 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 3 дугаар сарын 18, 20-ны өдрүүдийн ээлжит хурлаар дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны 2 дугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхлөө. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад эрчимжиж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүллээ. Инфляц төв банкны зорилтот интервалын орчимд байх төсөөлөл хэвээр байна. Гэвч шатахуун болон хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй.

Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд уул уурхайн салбар, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна. Цаашид эдийн засгийн өсөлт потенциал түвшнийхээ орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Гадаад орчинд тарифын бодлогын сөрөг нөлөө хүлээлтээс бага байж, худалдааны гол түнш улсуудын өсөлтийн төлөв сайжирлаа. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүлэв. Гэвч Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж буурсан боловч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид инфляц, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын шийдвэрийг тухай бүр гаргана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%