Эрхэм хүндэт Үндсэн хууль тогтоогчид, Ардын Их Хурлын эрхэм депутатууд, тэдний ар гэр, үр хүүхдүүд болон Хэнтий нутгийн нийт ард иргэд Та бүхэндээ Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа хэлэлцэн баталж, төр улсынхаа хөгжлийн суурь зарчмыг тодорхойлж ирсэн бахархам түүхтэй. Тэдгээрээс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монгол Улсыг дэлхий дахинаа ардчилсан, эрх зүйт, хүмүүнлэг улс болохыг албан ёсоор тунхагласан түүхэн баримт бичиг болсон юм.
Өнөөдөр бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг цогцлоох, зах зээлийн харилцаанд шилжих хөгжлийн торгон зааг дээр эх орныхоо ирээдүйн чиг баримжааг тодорхойлсон энэхүү Үндсэн хуулийг бүтээлцсэн Үндсэн хууль тогтоогчид, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын эрхэм депутатуудын оюун санаа, хичээл зүтгэл, түүхэн гавьяаг гүнээ хүндэтгэн дурсан санах учиртай.
Тэртээ 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд Хэнтий аймгаас сонгогдсон 23 депутат Ардын Их Хурлын бүрэлдэхүүнд багтан 76 хоногийн турш тасралтгүй хуралдаж, Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан нь манай нутгийн ард иргэдийн улс орны хөгжил, ардчиллын үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл юм.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд бүх нийтийн сайн дурын үндсэн дээр, яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодлоос үл хамааран олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгодог жинхэнэ ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрэлдэн тогтсоны түүхэн ач холбогдлыг онцлон дурдах нь зүйтэй.
Эрхэм хүндэт Та бүхнийг Монгол төрийн тулгуур багана болсон Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, хүний эрх эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвх оролцоотой байхыг хичээнгүйлэн хүсье.
Монгол улс үүрд мандан бадрах болтугай.
ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА БАТМӨНХИЙН ЦОГТ-ОРШИХ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ариунжаргал
Холбогдох утас: 99877454
Өрөөний дугаар: 311 тоот
email: khentiikhural9@gmail.com
