Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өчигдөр 100 хувийн ирцтэй болж, хурлаараа Хэрлэн сумын ИТХ-ын дарга, сумын засаг даргаа сонголоо. ИТХ-ын даргаар Ч.Ганхуягийг сонгож, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар Ц.Идэрбат сонгогдож, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүллээ.
Мөн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр төлөөлөгч Ч.Ганхуяг, Г.Бат-Эрдэнэ, О.Од-Эрдэнэ, Д.Энхтуяа, Ш.Шинэбаяр, Х.Өлзийбат, М.Чинбат нар ажиллахаар сонгогдсон байна.
Ч.Ганхуяг нь Батноров сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга, Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтан, Хэрлэн сумын 3-р багийн Засаг дарга, зохион байгуулагчаар ажиллаж байжээ.
Ц.Идэрбат нь Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй зэрэг улс төрийн туршлагатай хүмүүс аж.
Ирэх дөрвөн жилд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН-аас сонгогдсон 17, АН-аас сонгогдсон 14 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.