Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар сонгогдсон Ц.Идэрбатыг аймгийн Засаг дарга Б/92 тоот захирамж гарган өнөөдөр ажилд нь томиллоо.
Тэрбээр Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авч, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хянуулж, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.1, 26.5.2, 26.5.3, 26.5.4, 26.5.5 дахь заалтад заасан шаардлагыг хангасан тул ийнхүү томилогдож байгаа аж.
Ц.Идэрбат нь Багш, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг ажлын туршлагатай нэгэн юм.
Сонирхуулахад Сумын Засаг даргын үндсэн цалин 720257 /долоон зуун хорин мянга хоёр зуун тавин долоон/ төгрөг байдаг бөгөөд улс төрийн албан тушаал, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг цалингийн 30 хувиар тооцож олгодог юм байна.