Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан өнөөдөр Хэнтий аймгийн сэтгүүлчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад МСНЭ-ийн салбар зөвлөл, “Хэнтий” телевиз, радио, “Өндөрхаан” телевиз, “Хэнтийн мэдээ” сонин, “Х ньюс” сэтгүүл, “Тольдсуу” сэтгүүл, Хүүхдийн “Тэмүүлэл” сэтгүүл, “Ертөнцийн аялгуу” радио, “ММ” агентлаг, Монголын радио, Монцамэ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагчид, аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч зэрэг нэр бүхий 10 байгууллагын 20 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Аймгийн хурал нийтийн өмнө нээлттэй байна. Бидний үйл ажиллагаа, бодлого олны эрх ашигт үйлчилнэ. Аливаа мэдээлэл шуурхай, тэгэхдээ бодитой, үнэн зөв байхыг хүснэ. Хэнтийн сэтгүүлчдээ бүрэн дүүрэн дэмжинэ, үүнд харилцан итгэлцсэн, энгийн харилцаа чухал байна.” гэлээ.
Хэнтий аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа ирэх 4 жилд нээлттэй, ил тод, шуурхай байх, сэтгүүлчдээр дамжуулан мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн зөв, бодитой хүргэх, “Хэнтийгээ дэмжье” хөдөлгөөний эхлэл ажил болгож, ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа уулзаж, санал солилцож байгаа нь шинийг эрэлхийлсэн, сайшаалтай үйл явдал боллоо хэмээн сэтгүүлчид онцолж байлаа.