Дүүргийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа энэ сарын 18-ны өдөр болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, албаны бусад хүмүүс оролцлоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, Хурлын байгууллагын ил тод нээлттэй, шуурхай байдлыг хангах, хороо бүрт иргэний танхим байгуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлэн, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан тухай товч дурдаад төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж ирсэн Эрхэм Хурлын дарга нарт цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөсөн юм.
Мөн үеэр хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нарт Хурлын ажлын албанаас мөнгөн аягатай сүү, хадаг, дурсгалын зүйл гардуулж эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж идэвх санаачлагатай ажилласан зарим хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нарыг Монголын Нутгийн удирдлагын холбооны “Соёмбо”, “Тэргүүний ажилтан”, дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх “Морин хуур” хамтлаг, Авъяаслаг монголчууд 2016 наадмын шилдэг оролцогч “Moon dance” бүжгийн хамтлаг, МУСТА дуучин О.Баянмөнх, МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, Поп опера “Увертура” хамтлагийнхан хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьсан юм.