Монгол Улсын Ардчилсан
шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улсын Их
Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Шатар
сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 12 сум, 8 байгууллагаас шалгарч,
тэргүүлсэн нийт 46, эрэгтэй 32, эмэгтэй 14 шатарчин 2 өдрийн турш өрсөлдөж,
дүнгээ гаргалаа. Тэмцээнд өмнөх жилийн аваргууд оролцсон бөгөөд рейтингтэй
тамирчин 15 байв. Жилээс жилд өргөжиж, шатарчдын хувьд ач холбогдол нь өндөр
болж байгаа энэхүү тэмцээний нээлтэд Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан,
Үндсэн хууль тогтоогчид буюу Ардын Их Хурлын Депутат Аймгийн засаг дарга
Н.Ганбямба, Монгол улсын гавъяат эдийн засагч Н.Дэрийлаа, Ч.Тэрбиш, депутат
С.Ганболд нар урилгаар оролцов.
Мөн Монгол улсын гавъяат тамирчин,
шатрын их мастер Т.Батчимэг, Монголын шатрын холбооны Шүүгчдийн зөвлөлийн
тэргүүн Б.Нямдаваа, “Төр-Монгол” шатрын клубын захирал Ц.Батболд нар урилгаар
оролцсон нь манай аймгийн шатарчдын хувьд томоохон хүндэтгэл, нэр төрийн хэрэг
болсон юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Шатрын зөвлөлийн тэргүүн Л.Батсайхан тэмцээнийг нээж хэлэхдээ “Монгол улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг өнөөдрийн тэмцээнд Шатрын спортын томоохон төлөөллүүд, шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан ахмад буурлууд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн нь энэхүү тэмцээний ач холбогдол, хамрах хүрээг өндөр болгож байна.” Цаашдаа аймгийн Хурал оюун санаа, Монгол хэл соёл, ёс уламжлалаа дээдэлсэн тэмцээн уралдааныг байнга дэмжин, дэлгэрүүлж ажиллана” гэв.
Тэмцээний дүн гарахад
швейцарь системээр 8 өрөг тоглосон эрэгтэй ангилалд нэгдүгээр байрыг Батширээт
сумын шатарчин Б.Мөнхбат, хоёрдугаар байрыг Хэрлэн сумын шатарчин Р.Одонхүү, 3
дугаар байрыг Галшар сумын шатарчин Э.Банзрагч, 7 өрөг тоглосон.эмэгтэй
ангилалд нэгдүгээр байрыг Галшар сумын шатарчин Ч.Лхагвадулам, хоёрдугаар
байрыг Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын ажилтан Э.Дөлгөөн,
гуравдугаар байрыг шатарчин Б.Жүгдэрмаа нар эзэллээ. 32 эрэгтэй шатарчид
өрсөлдсөн тэмцээний 8 дугаар байранд Аймгийн Хурлын дарга Л.Батсайхан 5 оноо
авч орсон байна. Энэхүү тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын 1, 2 дугаар байрыг
эзэлсэн тамирчид шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох
эрхтэй болсон юм. Оролцох зардлыг аймгийн Хурал 4 тамирчин тус бүрт 90 мянган
төгрөгөөр тооцож олгох болсон бөгөөд тэмцээнийг зохион байгуулах 1.280.000 мянган төгрөгийн зардлыг
аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө шийдвэрлэжээ.