Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Л.БАТСАЙХАН: ОЮУНЛАГ ХЭНТИЙЧҮҮДИЙГ ОЛНООР БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА

2017-01-19

Хэнтий аймгийн ИТХ “Нээлттэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна” гэсэн зорилт тавьсан. Үүнтэй холбогдуулан ИТХ-ын дарга Л.Батсайхантай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу та. Ажлын том зорилтуудын гараа ямар дүр зурагтай эхэлж байна вэ? Төсөв мөнгөө батлаад авлаа. Эхний бодож тооцсон, одоо байгаа байдал хоёр зөрөх юм уу?

-Сайн, Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Зарим иргэд маань Хурлын байгууллага зөвхөн Засаг даргаа нэр дэвшүүлдэг, төсөв баталдаг, хурал хийхээрээ ажлаа хийдэг байгууллага мэтээр ойлгодог. Хурлын бус цагт ямар үйл ажиллагаа явуулж байдгийг тэр бүр мэддэггүй учраас энэ байдлыг өөрчилье гэсэн зорилготой ажиллаж байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хурлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, НӨУЁБ-ын чиг үүрэг, эрх хэмжээ, юу хийдэг байгууллага вэ гэдгийг олон түмэнд ойлгуулах, аливаа үйл ажиллагаандаа иргэдээ татан оролцуулах талаарх ажлуудыг эхлүүлээд явж байна.

Оны өмнөхөн 2017 оныхоо төсвийг баталлаа. 2016 оны баталсан төсөвтэй харьцуулахад 4 тэрбум төгрөгөөр буурсан төсөв баталлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2,9 тэрбум төгрөг болж, 2013 оныхоос гурав, дөрөв дахин, өмнөх оныхоос бараг хоёр дахин буурсан. Үүний 600,0 сая төгрөгийг хот тохижилт, мал эмнэлгийн үйлчилгээний зардалд зарцуулахаар Засгийн газар, Сангийн яамнаас чиглэл өгч, үлдэгдэл хөрөнгөнөөс сумдад нэг тэрбум төгрөгийг хуваарилж, 1,4 тэрбум төгрөгийг аймгийн бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон нь бодож санаж, тооцож байснаас байдал өөрчлөгдсөн. Энэ нь улс орны хэмжээнд төсвийн хүндрэл бий болчихсон, зарцуулсан хөрөнгийн үр ашиг муу зэргээс шалтгаалсан гэж үзэж байна. Гэсэн хэдий ч өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

- 2017 онд Хэнтий аймаг санхүүгийн хувьд бүсээ хэр чангалах хэмжээнд байна вэ?

-Төсөв хүнд байгаа гэдгийг ойлгож байгаа байх. 2016 оны 11 сарын байдлаар зарим татварын орлогын төлөвлөгөө тасарсан байсан. Тухайлбал газрын төлбөр 16,8 сая төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн татвар 46,0 сая төгрөгөөр, ҮҮЗАУсны төлбөр 47,6 сая төгрөгөөр, суутган-1  300,1 сая  төгрөг байна. Энэ онд ч ийм байдал үргэлжлэх төлөвтэй. Тиймээс татварын бааз суурийг бэхжүүлэх, өмнөх оныхоо татварын орлогыг бүрэн барагдуулах тал дээр анхаарч, шаардлагагүй зардлуудыг тэвчих, хэмнэлт гарган ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Улсын төсвийн санхүүжилт, ОНХС-ийн хөрөнгө багассан. Сумдад олгож буй санхүүгийн дэмжлэг өнгөрсөн оныхоос 160,0 сая төгрөгөөр буурч, тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ нэг хувиар буурч батлагдсан.

-Хэнтий аймгийн ИТХ шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар бүрдэж байна. Энэ удаагийн бүрдсэн хамт олны онцлог, давуу тал юу байна?

-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ-ын 39 мандатын 30-ыг нь Монгол Ардын Намаас нэр дэвшигчид, 9 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авч, 3 удаагийн хуралдаанаа зохион байгуулаад байна. Бид хоёрдугаар хуралдаанаараа Хурлын бүтцээ өөрчилж, 7 байсан Хурлын хороог Төрийн байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний хороо, Хууль эрх зүй, ёс зүйн хороо, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, төсөв өмчийн хороо, ХАА, аялал жуулчлал, байгаль орчны хороо, Нийгмийн бодлогын хороо, Иргэдийн өргөдөл, гомдол, сургалт, судалгааны хороо гэсэн 6 хороотой байхаар зохион байгууллаа. Мөн Хурлын ажлын албаны нэг ажилтан нэг хороог хариуцаж байсан бол одоо хоёр хороог хариуцан ажилладаг болсон байгаа. Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хувьд 38 төлөөлөгч дээд боловсролтой, 1 төлөөлөгч бүрэн дунд боловсролтой,  багш 10, хуульч 4, инженер 4, улс төр судлаач, төрийн удирдлага-4, эдийн засагч 3, эмч 2, үлдсэн нь бусад мэргэжлийн төлөөлөгчид байна. Төлөөлөгчдийн 8 буюу 20 хувь нь эмэгтэйчүүд байна. Аливаа ажлыг гол манлайлж явдаг мэргэжлийн хүмүүс энэ удаагийн хурлын бүрэлдэхүүнд багтсан учраас олон ургальч үзлээ уралдуулж, нутаг орон, ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-Ирэх 4 жил аймгийн ИТХ ямар бодлого, зарчим барьж ажиллах вэ?

-Би дээр хэлсэн. Хурлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, НӨУЁБ-ын чиг үүрэг, эрх хэмжээ, юу хийдэг байгууллага вэ гэдгийг олон түмэнд ойлгуулах, аливаа үйл ажиллагаандаа иргэдээ татан оролцуулах, хөдөөний малчид, ард иргэдийн ахуй амьдралтай танилцах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, иргэдийнхээ дуу хоолойг төлөөлөгчдөөр дамжуулан авдаг тогтолцоо бий болгох, оюуны спортыг хөгжүүлэх, оюунлаг Хэнтийчүүдийг бий болгохын төлөө бодлого баримталж ажиллана. Эхний шийдвэрүүд гарч байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийг бий болгож, сар бүрийн сүүлчийн Баасан гаригт аймаг, сумын төлөөлөгчид иргэд, сонгогчидтойгоо уулзаж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийх, ажлаа тайлагнах, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжийг хангаж өглөө. Оюуны спорт болох шатрын спортыг хөгжүүлэх үүднээс ирэх онд 1000 шатарчны баяр, шатарчин гэр бүл болох хөдөлгөөн өрнүүлэх, ирэх 5 дугаар сард Улсын физикийн 30 дугаар олимпиадыг Хэнтий аймагтаа зохион байгуулах гээд төлөвлөсөн ажлууд олон бий.

-Аймгийн ИТХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил орж явдаг. Оны өмнө сумдаар тойрч 4-5 газарт бүсчилсэн зөвлөлгөөн зохион байгуулсан. Үүний үр дүн, ач холбогдол юу байв?

-Хэнтий аймагт ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн 2016 оны 9 дүгээр сарын 30-нд хуралдаж, 4-р улиралд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж, “Гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх” Цагдаагийн газрын даргын мэдээлэл, Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын мэдээллийг сонссон. Баталсан ажлын төлөвлөгөөний дагуу сум, тосгоныг 5 бүсэд хувааж, бүсчилсэн зөвлөгөөнийг Баян-Овоо, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Баян-Адрага, Хэрлэн суманд зохион байгуулсан. Уг зөвлөгөөнийг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, малчдын бүлэг, хоршооны төлөөлөл, зохион байгуулж буй сумдын иргэдийн төлөөллийг хамруулан хийлээ. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хувьд миний бие ажлын хэсгийг ахалж, аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөх зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн удирдлагуудыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Зөвлөгөөнд оролцогчдын хувьд цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж дүгнэж байна лээ. Зөвлөгөөний үеэр сумын ГХУСАЗСЗ-ийн ажлын тайланг хэлэлцэж, газар дээр нь заавар чиглэл, зөвлөмж өгч ажилласан. Ажлын хэсэгт ажилласан өмгөөлөгч маань 32  иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, сум дундын иргэний хэргийн шүүгч 4 иргэний хэргийг газар дээр нь шийдвэрлэж, 3 хариуцагчид нэхэмжлэл гардуулах ажлыг хийлээ.

Зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлээд явж байна. Дадал сумын цагдаагийн кабоны асуудлыг 2017 оны төсөвт тусгуулж, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчдөд шаардлагатай техник хэрэгслийг олгуулахаар 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд орууллаа. Мал, махны гарал үүслийн бичгийг олгохтой холбогдолтой хүсэлтүүд гарсны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулж, журмыг дахин боловсруулж, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг чиглэл өгөөд байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагыг дүрс бичлэгийн системд холбох ажлыг эхлүүлсэн. Үүнийг сумын ШТС-ууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар гомдол гаргасны дагуу Шунхлай, МТ, Петровис компанийн удирдлагуудад тогтоолыг хэрэгжүүлэх талаар албан хүсэлтийг явуулаад байна. Бор-Өндөр суманд байгаа Цагдаагийн тасгийг өргөжүүлж, хэлтэс болгох асуудлыг ХЗДХ-ийн сайдад уламжлаад байна. Мөн аймгийн төвөөс мал, тэжээвэр амьтдыг нүүлгэн гаргах чиглэлийг Хэрлэн суманд өгсөн байгаа.

- “Нээлттэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна” гэсэн зорилт тавьсан нь иргэд олон нийтэд таатай санагдаж байгаа байх. Сэтгүүлч бидний хувьд ч хурлын байгууллагын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч дамжуулж байх сонирхол их бий шүү?

-Тэгэлгүй яахав. Аймгийн ИТХ-ын хуралдааныг ил тод, нээлттэй явуулахыг зорьж байгаагаа хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудтай хийх уулзалтан дээр тодорхой ярьсан. Төлөөлөгчдийн, Тэргүүлэгчдийн болон хороодын хуралдааныг нээлттэй явуулж байгаа. Бид орон тооны хэвлэл мэдээллийн ажилтантай болж, бүх хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн холбогдох сайт, сонинд нийтэлж байгаа. Мөн хурлын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Кhentii.khural.mn сайтын баяжилтыг хийж, уг сайтаар аймгийн Хурлын төлөөлөгчид Тэргүүлэгчдийн болон хийж буй ажил, батлан гаргасан дүрэм журам,  шийдвэрийг ил тодоор мэдээлэх ажлыг тогтмол явуулж байна. Энэ сайтаас бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааг бүрэн авах боломжтой. Мөн хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ямар ч асуудлын талаар мэдээлэл авахад нээлттэй байгаа гэдгийг хэлэх байна.

- Хурлын байгууллагаас нутгийнхаа иргэдийг дэмжих зорилгоор “Хэнтийгээ дэмжье” гэсэн уриалга чиглэл гаргаад ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулбал?

-Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Шууд утгаараа Хэнтийдээ худалдан авалт хийж, Хэнтийдээ үйлчлүүлэх тухай л асуудал гэж ойлгож болно. Энэ агуулгаараа үйлчилгээ, сонголт гээд манайхан өөрсдөө ч энэ чиглэлээр анхаарах ёстой болж байгаа юм. Байгаа боломжуудаа, өөрсдийнхөө чаддаг зүйлүүдийг гаднаас авснаас нутгийн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнээ дэмжье гэсэн санаа. Тухайлбал Хэнтийн барилгын салбар гэхэд өнгөрсөн жилүүдэд нэлээд хэцүү байдалд орлоо шүү дээ. Орон нутгийн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжсэнээр татварын орлого нь орон нутагтаа төвлөрч, улмаар орлого нэмэгдэх тутам аймгийн маань бүтээн байгуулалт, хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.

- Хоёулаа албан ажлын талаар нэлээдгүй хөөрөлдлөө. Хувь хүн талаасаа манай уншигчдад танилцуулбал, гэр бүл, найз нөхөд гээд л.

-Ам бүл 4 үүлээ амьдардаг. Эхнэр маань аймгийн Эрүүл мэндийн газарт ажилладаг. Охин оюутан, хүү 1-р сургуулийн 5-р ангид суралцаж байна. Найз нөхдийн хувьд олон. Итгэлтэй хэдэн найз нөхөд бий. Хүүхэд байхаасаа олон нийтийн арга хэмжээ, спорт, урлаг, нийгмийн тустай үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байсан, одоо ч тэр зан маань хэвээрээ.

 - Миний дуулснаар Та нэгдүгээр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга, багш нарын ёсзүйн хороо, шатар, хөлбөмбөг гээд иргэн хүнийхээ хувьд нэлээд оролцоотой, идэвхтэй байдаг шиг санагдсан шүү?

-Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн эцэг эхийн хорооны даргаар 2011 оноос ажиллаж байна. Энэ хугацаанд сургуулийн эцэг эхийн аварга шалгаруулах холимог гар бөмбөгийн тэмцээнийг тогтмол явуулдаг боллоо. Мартын-8, Цэргийн баярыг тохиолдуулан “Миний сайхан ээж”, “Шүтээн аав” зэрэг арга хэмжээ, ахлах ангийн сурагчдын дунд холбогдох хууль тогтоомжийн талаар Цагдаагийн газрын хүүхдийн байцаагчийг оролцуулан лекц зохион байгуулсан. Анх удаагаа сургуулийн эцэг эхчүүдийн дунд урлагийн “Бага олимп”-ийг зохион байгуулсан нь улсын хэмжээний туршлага боллоо. Энэ бүхэн сургууль-багш-эцэг эхийн хоорондын харилцааг ойртуулах, эцэг эхчүүдийг нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй хамруулах зорилготой юм. Өмнө нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшийг танихгүй, багш нь эцэг эхчүүдээ танихгүй тохиолдол байсан, харин дээрх арга хэмжээнүүд зохион байгуулагдсанаар эерэг өөрчлөлт гарсан болов уу гэж бодож байна.

Миний хувьд шатрыг 3-р ангиасаа, хөлбөмбөгийг 4-р ангиасаа тоглож эхэлсэн. Шатрын рейтингтэй, хөлбөмбөгийн 1-р зэрэгтэй. Өөрийн дуртай спорт учраас хөгжүүлэх, дэлгэрүүлэх, олон нийтийг хамруулах талд анхаарч ажиллахын зэрэгцээ дарга болохоор л тэмцээн уралдаанд орохоо болих биш, аль болохоор өөрөө оролцож, бусдыг уриалан дуудахыг зорьж байгаа. Төрийн ажил их байна, гэхдээ ажил, цаг заваа зохицуулж, зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд оролцохыг хичээж байна. Саяхан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнд 32 шатарчнаас 6-8 байр эзэлсэн.

-Тийм шүү, удирдагч хүн өөрөө манлайлагч байх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Ингээдбидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье. Хан Хэнтий нутгийн нийт иргэддээ шинэ ондоо эрүүл энх байж, ажил амьдрал нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хэнтийн Мэдээ сонин Д.Одонтунгалаг

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%