Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛОВ

2017-01-20

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр 82 хувийн ирцтэйгээр эхлэв. Уг хуралдаанаар:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай

2.Хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулсан жагсаалтыг зөвшөөрөх тухай

3.Төрийн шагналд тодорхойлох тухай

4. Өсвөрийн шигшээ багийн журам батлах тухай

5. Малын гарал үүслийн гэрчилгээний журамд өөрчлөлт оруулах тухай

6.Аймгийн ИТХ-ын 2017-2020 оны үндсэн чиглэлийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Хуралдаанаар Хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулсан жагсаалтыг зөвшөөрөх тухай 2 дугаар асуудлын хувьд 2011 оноос ажил нь эхэлсэн бөгөөд олон засаг төрийн нүүр үзэж, удаан жил үргэлжилсэн, зарим газарт санал зөрүүтэй асуудал учраас иргэд олон нийтийн оролцоог хангуулж, Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр Хуралдаанаар /2017.02.02/ энэхүү ажлыг гүйцэтгэсэн "Газар дэлхий" ХХК, сумдаас сонгогдсон аймгийн Хурлын Төлөөлөгч, сумдын удирдлага, зарим сумдын иргэдийг байлцуулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн хойшлууллаа.

Мөн 3 дугаар асуудал болох Төрийн дээд шагналд тодорхойлох тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар тогтоосон журмын шаардлага хангасан Хэнтий аймаг дахь Монгол банкны захирал асан П.Дамдин нарын 2 хүнийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Санхүүгийн ахмад ажилтан Б.Цэнджав нарын 8 хүнийг "Алтан гадас одон", "Харгуй" ТӨХК-ны операторч Л.Ган-Эрдэнэ нарын 10 хүнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар тодорхойлов. "Монгол улсын гавьяат цолтон"-д нэр дэвшүүлсэн 1 хүний салбарын санал дутуу тул хойшлуулжээ.

Харин 4 дүгээр асуудлын тухайд "Өсвөр үеийн шигшээ баг" ажиллах журмыг шинэчлэн баталж, голлох 8 төрөлд тухайлан анхаарлаа хандуулах, нэмэх шаардлагатай бол аймгийн Засаг дарга, Өсвөрийн шигшээ багийн зөвлөлд эрхийг нь шилжүүлж, өндөр ур чадвартай багш, дасгалжуулагч авч ажиллуулах боломжийг нээж, тамирчдын бэртэл, гэмтлийн үеийн зардлыг шийдвэрлэх, хандивлагч байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог дэмжих, урамшуулах, цаашид одоо батлагдсан байгаа үйл ажиллагааны 80 сая төгрөгийг нэмэх санал гаргаж, судлахыг холбогдох байгууллагад даалгасан байна.

Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн Пүрэв гарагийн 10 цагт хуралдуулахаар болж Хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцолжуулсан жагсаалтыг зөвшөөрөх тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны Үндсэн чиглэлийн тухай, аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний тухай /өмчлөлийн газар/ гэсэн асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

5 дугаар асуудлын тухайд иргэд малчдаас "гарал үүслийн бичиг олгох, баталгаажуулах"-даа чиргэдэл ихтэй байна гэж удаа дараа гаргасан санал, өнгөрсөн оны 11 дүгээр сард 5 бүсэд зохион байгуулсан Зөвлөгөөний үеэр мөн асуудал яригдаж, "сум бүр өөр өөр үнээр гарал үүслийн гэрчилгээ"-г олгож байна гэсэн гомдол зэргийг тооцон үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд аймгийн Цагдаагийн газар, сумдын Хурал, Засаг дарга, иргэд, малчдын саналыг нэгтгэн хэлэлцээд шийдэлд хүрэв. "Мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг олгох, хэрэглэх, зарцуулах" журмыг шинэчлэн батлаж 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болов.

6 дугаар асуудлын хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны Үндсэн чиглэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн товч танилцуулга хийв. Үндсэн чиглэл, хөгжлийн хөтөлбөр нь "Төлөөлөгчийн ажиллах орчин, нөхцлийг хангах", “иргэдийн оролцоо санаачлагыг дэмжих", "Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах", “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ба хяналт", “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих", "Гадаад харилцаа, ажлын уялдаа" гэсэн 6 чиглэлээр байхыг зарчмын хувьд дэмжив. Энэхүү Үндсэн чиглэл, хөгжлийн хөтөлбөрийг ирэх 2 дугаар сарын 02-ны өдөр болох 4 дүгээр хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Бид чиглэл, чиглэлээр саналаа нээлттэй, чөлөөтэй авч байгаа бөгөөд ТАНЫ санал одоо ч үнэтэй.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%