Хэнтий аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо баталсан. Зорилтын үндсэн санаа нь "Хэнтийгээ
дэмжих", "Оюунлаг иргэдийг олноор бий болгох", эерэг хандлага,
зөв сайн зүйлд уриалан дуудах, санаачлагыг бодитой дэмжихэд чиглэж байгаа юм. Зорилтод
"ном унших, унадаг дугуй унах, шатар тоглох, ус, цаас хэмнэх, гялгар уут,
цаасны хэрэглээг бууруулах, мод тарих, эх хэл бичгээ сурах" зэрэг
хөдөлгөөнийг иргэд байгууллагын санаачлага оролцоог дэмжих замаар аймгийн
хэмжээнд Хурлынхаа ивээл дор өрнүүлнэ гэж заасан байдаг.Эхний ажил болох “ Ном уншицгаая” хөдөлгөөн нээлтээ хийв.
Нээлтэнд
аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, “Номонд дурлагсад” клубын тэргүүн
С.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, НБХ-ийн дарга Г.Лхагвахатан,
Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын сангийн захирал П.Эрдэнэчимэг,
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн яруу найрагч Н.Минжинсайхан, Г.Сэр-Одын нэрэмжит
шагналт зохиолч МЗЭ-ийн гишүүн С.Баттулга, МЗЭ-ийн гишүүн, зураач МУСТА
Г.Мөнхбаатар, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч н.Нямхишиг нар болон
эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн байв.
Мөн ном унших ариун үйлсэд бусдыгаа манлайлан идэвх
санаачлага гарган оролцдог Хэнтий аймгийн онцгой байдлын газрын хамт олонд “Ном
уншицгаая” хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлуудад оролцох урилгыг гардуулан өгсөн
юм.
Түүнчлэн “Зохиолч уншигчдын уулзалт”, зохиогчийн
гарын үсэгтэй номын худалдаа, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээгээр
хөтөлбөр үргэлжиллээ.
Олон түмний ном унших боловсролыг дээшлүүлэх,
хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх зорилгоор аймаг орон нутгаараа “Ном
уншицгаая” хөдөлгөөнд нэгдэж байгаа бөгөөд бүх суманд нэгэн зэрэг нээлтээ хийж
байгаагаараа онцлог боллоо.